Алжирын Ерөнхийлөгч Абделазиз Бутефликаг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон долоо хоногийн турш үргэлжлээд буй энэ үед түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг тус улсын зэвсэгт хүчний Дэслэгч генерал Ахмед Гаед Салах шаардсан байна.
А.Салах телевизэд өгсөн ярилцлагадаа, манай улсад нүүрлээд буй хямралаас ангижрах арга замыг бид нэн даруй олох хэрэгтэй гэж тэмдэглэжээ. Мөн энэ нь Үндсэн хуулийн хүрээнд байх ёстойг тэрбээр онцолжээ.
Өдгөө 82 настай А.Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн хэдий ч дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан сонгуулийн товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин түүнийг эсэргүүцэгчид 20 жилийн турш хашсан албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг эрмэлзэж байна хэмээн үзэж байна.
Алжирын улс төрийн шилжилт өөрчлөлтийг хянах, Үндсэн хуулийг шинээр боловсруулах, сонгуулийн шинэ товыг тогтоох хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа хэдий ч хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ажээ.
2013 онд цус харваснаас хойш олны өмнө харагдах нь цөөрсөн А.Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэний дараа түүнийг эсэргүүцэгчид улс даяар жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн билээ.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна