БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ахыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Вьетнамын иргэн Доан Тхи Хуонгт Малайзын Дээд шүүхээс гурван жил дөрвөн сар хорих ял оноосон байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээсний дараа Малайзын Прокурорын газар түүнд оноосон ялыг хөнгөлсөн байна. Хуонгийг эхлээд хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэрбээр цаазын ял авч магадгүй байжээ.
БНАСАУ-ын иргэн Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд амиа алдсан хэрэг 2017 оны хоёрдугаар сарын 13-нд гарсан билээ. Уг эрэгтэйн паспорт дээр Ким Чоль хэмээх нэр бичээстэй байжээ. Цагдаа нар түүний арьснаас мэдрэл саажуулагч VX бодис илрүүлсэн бөгөөд уг бодисыг химийн зэвсгийн тухай олон улсын конвенцоор хориглосон байдаг аж. Амиа алдсан эрэгтэй Ким Жөн Нам байсныг задлан шинжилгээ хийсний дараа тогтоожээ.
Малайзын эрх баригчид Индонез болон Вьетнамын иргэдийг энэ хэрэгт холбогдуулан баривчилж, өөр дөрвөн хүний оролцоотойгоор хүний амь насанд санаатайгаар хүрсэн хэрэгт буруутгасан байна. Энэ хэрэгт мөн БНАСАУ-ын хэд хэдэн иргэн холбоотой гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж байгаа юм. Умард Солонгосын нэг дипломат ажилтан болон агаарын тээврийн “Air Koryo” компанийн нэг ажилтныг баривчлах зөвшөөрөл өгчээ.
Хэрэгт сэжигтнээр татагдсан Индонез улсын иргэн Сити Аисьяд тулгасан ял шийтгэлийг Малайзын шүүх хэрэгсэхгүй болгож, түүнийг шүүхийн танхимаас сулласан билээ. Киодо агентлагийн мэдээлснээр, сэжигтэнд оноосон ялыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын газрын хүсэлтийг шүүх хүлээж авсан боловч шүүхээс гэм буруутайг нь тогтоогүй байгаа учир “цагаатгаагүй” гэж мэдэгджээ. Суллагдсаныхаа дараа Аисья эх орондоо буцсан юм.
Эх сурвалж: Montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна