Канадын Монреал хотод шашны хувцасны хоригийн тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал боллоо. Квебек мужийн засаг захиргаанаас төрийн албан хаагчдыг ажлын цагаараа шашны бүхий л шинжийг агуулсан хувцас өмсөхийг хориглосон хууль батлах гэж байгааг эсэргүүцэн хэдэн мянган иргэн жагсаал зохион байгуулжээ.
Эсэргүүцлийн цуваа Монреалын төв гудамжуудаар явсан байна. Канадын франц хэлтэй бүсийн Засгийн газраас гаргасан энэ санаачилга нь арьс өнгөөр ялгаварлах үзлийг нэмэгдүүлж, иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж жагсаалд оролцогчид үзэж байна. Тиймээс жагсагчдын олонх нь лалын хижаб болон шашны бусад хувцсаа өмсөж, толгой, нүүрээ халхалжээ.
“Англи хэлтнүүд нь франц хэлтнүүдийнхээ эсрэг, эгэл хүмүүс нь шашин шүтдэг цагаачдын эсрэг гэх мэтчилэнгээр улстөрчид биднийг ялгаж салгах гэж оролдож байна” гэж Монреалын сикхүүдийн шашны нийгэмлэгийн гишүүн Таран Сингх мэдэгджээ. Төр засагт эмнэлгийн дарааллыг бууруулах гэх мэтчилэн шийдвэрлэх ёстой олон асуудал байхад ийм төрлийн хууль батлах нь зохисгүй гэж тэрбээр үзэж байна.
Канадын Квебек мужийн Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр төрийн албан хаагчид ажлын цагаараа шашны шинж агуулсан бүх төрлийн хувцас өмсөхийг хориглох тухай хуулийн төслийг бүсийн парламентдаа танилцуулсан юм. “Төрт ёсоо хүндлэх тухай хууль” хэмээх нэртэй энэ хуулийн төслийг Квебект эрх баригч “Квебекийн ирээдүйн төлөө эвсэл” баруун төв намаас санаачилсан. Тус намын тэргүүн, бүсийн Ерөнхий сайд Франсуа Лего хуулийн төслийг мужийн иргэдийн олонх нь дэмжсэн гэжээ.
Хуулийн төслийн дагуу багш, шүүгч, цагдаа нарыг албаа хааж байх үедээ шашны ямар нэгэн шинжтэй хувцас өмсөхийг хориглосон байна. Харин парламентад өнгөрөгч пүрэв гарагт танилцуулсан хуулийн төсөлд уг жагсаалтад сургуулиудын захирал, прокурорууд, түүнчлэн цагдаа, шүүхийн хамгаалагч, хорих ангийн ажилтнууд, байгаль хамгаалагчид зэрэг зэвсэгтэй явахыг зөвшөөрдөг мэргэжилтнүүдийг нэмжээ.
Эх сурвалж: MNB.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна