Өвдөлт гэдэг хүн бүрийн мэдрэхийг хүсдэггүй зүйл. Гэсэн хэдий ч бид өвдөж байж л биологийн хязгаараа мэдэрч, галаас гараа татаж авна. 71 настай Швед эмэгтэй Жо Камероны хувьд өвдөлт хэзээд дэргэд нь байсангүй. 65 настай байхад нь анх эмч нар түүнийг биеийн болоод сэтгэл санааны өвдөлт огт мэдэрдэггүй болохыг нь олж тогтоожээ. The British Journal of Anaesthesia сэтгүүлийн мэдээлж буйгаар Жогийн генид ховор төрлийн мутаци явагдаж өвчин мэдрэх мэдрэлүүдийг нь ажиллагаагүй болгосон гэнэ. Жогийн тусламжтай эрдэмтэд ужиг өвчтэй хүмүүст зориулсан өвчин намдаах шинэ төрлийн эмийн бүтээгдэхүүний нээлт хийх боломжтой болж байгаа юм.
Жо хүүхдээ төрүүлж байхдаа ч өвдсөнгүй. Хүүхэд төрж байх үед гижиг хүрэх мэт л мэдрэмж төржээ. Хамгийн халуун ногоотой чинжүү идсэнийхээ дараа ч тааламжтай инээмсэглэн зогсож чадаж байв. Биедээ өвдөлт мэдрэхгүйгээс гадна Жо амьдралдаа хэзээ ч сэтгэл санаагаар унаж байсангүй. Үргэлж аз жаргалтай, тайван байсаар иржээ. Эрдэмтэд түүнээс сэтгэл гутралын тест авч үзэхэд 0 буюу огт байхгүй гэсэн дүн гарч судлаачдыг алмайруулжээ.
''Би өөрийгөө аз жаргалтай, азтай эмэгтэй л гэж боддог байсан. Гэсэн ч өөрийгөө бусдаас ийм өөр гэж бодож явсангүй'' хэмээн Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эрдэмтэд Жог эцгээсээ өвдөлт мэдэрдэггүй ген өвлөн авсан байж болзошгүй хэмээн үзэж буй юм. Учир нь Жо Камероны ээжид мөн охинд нь өвдөлт мэдэрдэггүй ген байхгүй. Харин хүүд нь байгаа юм.
Дутагдалтай байгаа өвчин намдаах бүтээгдэхүүнүүдийг супер эмэгтэй Жогийн тусламжтай шинэчилж болох юм. Анагаах ухаанд буй хамгийн хүчтэй өвчин намдаагч бол донтуулах үйлчилгээтэй Морфин. Үүнийг халж чадвал шинжлэх ухаанд маш том нээлт болно хэмээн эрдэмтэд өгүүлжээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна