Ангела Меркель: Хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд Нигер улстай хамтран ажиллана

2019/05/06
Германы канцлер Ангела Меркель хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд Нигер улстай хамтран ажиллах нь чухал гэдгийг пүрэв гарагт Ниамей хотод онцлон тэмдэглсэн байна. Үүнийг “Франс-Пресс” агентлаг дамжууллаа.

Ангела Меркель “Цагаачдыг илгээж байгаа хүмүүстэй тэмцэх хүсэл байгаа л бол Нигер улсын хүн амд ажлын байр бий болгох хэрэгтэй. Бид эхний төслүүдээ хэрэгжүүлээд эхэлсэн. Гэхдээ төслүүдээ өргөжүүлэх шаардлагатай. Учир нь Ливи, Европ руу цагаачид явуулж буй бүс нутгийн иргэдэд ирээдүйг бий болгох хэрэгтэй. Бид хууль бус цагаачлалын хэмжээг бууруулахаар хамтран ажиллаж байна. Нигер улс ч их хүчин чармайлт гаргаж байна” гэж хэлжээ.

Герман улс Африкийн энэ оронд зохих тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа аж. 

Нигер улсын засаг захиргааны мэдээллээс үзэхэд, тус улсад өдгөө жилд 5-10 мянга орчим хүн цагаачлахаар гарч байгаа нь өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн Ангела Меркель “Герман улс Нигер улсын боловсрол, усны салбарт 10 сая, эрүүл мэндийн салбарт 15 сая еврогийн хөрөнгө оруулна” гэж мэдэгдсэн байна. Германы канцлер Нигер улсаас гадна Буркина Фасо, Мали зэрэг улсад айлчилсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна