Улсын өмч эзэнгүйдэж байна, Ерөнхий сайд аа

2019/05/09
Ердөө хэдхэн метрийн цаана өмнөд хөршийн чөлөөт бүс харагдана. Тэнд байшин барилга эгнүүлэн барьж, машин техникийн хөл хөдөлгөөн ч ихтэй юм. Харин Замын-Үүдийн чөлөөт бүсийн өргөн уудам газар нутагт энд тэнд хэд гурван байшингаас өөр нүдэнд торох гойд зүйлгүй. Хүн холхих нь бүү хэл машины бараа ч үгүй энэ газарт үйл ажиллагаа явуулахаар 58 аж ахуйн нэгж газрын зөвшөөрөл авчээ. Нүднээ цэлийх уудам газар нутгийг эргэн тойрон хашаалж, дотор нь гүйцээлгүй орхисон барилга, энд тэнд тоосго, төмөр карказ байх аж.

Манай улс Замын-Үүдийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор сүүлийн 20 орчим жил ярьж байна. Гэвч өнөөг хүртэл бодит ажил хэрэг болсонгүй. Уг нь чөлөөт бүсэд 60 орчим сая долларын хөрөнгө зарцуулж цахилгаан, дулааны станц, цэвэр, бохир усны байгууламж барьсан ч ажиллуулахгүй байсаар тоног төхөөрөмж нь тоосонд дарагдаж, элэгдэж хорогдсон байдалтай байх.

Уг нь Замын-Үүд бум бужигнаж түм түжигнэж байдаг газар. Энд олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүс байгуулж байнгын ажиллагаанд оруулбал Монгол Улсын нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирна гэж амтай болгон ярьдаг. Иймдээ ч үе үеийн Засгийн газар анхаарлаа хандуулж ирсэн ч нэг мөр шийдэлгүй өнөөг хүрээд байна. Төрийн ажлын назгай байдлаас үүдэж Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгөө оруулсан иргэд, аж ахуйн нэгж хохирсоор байгаа аж.

Чөлөөт бүсэд 58.8 сая ам.доллар зарцуулжээ

Чөлөөт бүс төдийгүй Замын-Үүд сумыг дулаан, цахилгаанаар хангах дэд станцууд ашиглалтад ороод хэдийнэ 5-6 жил өнгөрчээ. Гэвч эдгээрийг ажиллуулалгүй тоосонд даруулснаас зарим тоног төхөөрөмж нь алга болсон байна. Уг нь чөлөөт бүс байнгын ажиллагаатай болвол 2000 гаруй ажлын байр бий болох юм. Энэ талаар “Замын- Үүд” чөлөөт бүсийн захирагч И.Батнасан “Одоогоор чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулах цаасан дээр буусан тогтоол шийдвэр гараагүй. Хамгийн гол нь үйл ажиллагааг нь эхлүүлээд нээгээд орхих биш жигдрүүлээд тогтмол авч явах нь чухал. Бүсийг байнгын ажиллагаатай болгох ажил нийгэмд хүлээлт үүсгэсэн. Монгол Улс түүхэндээ чөлөөт бүсийг цогцоор нь байгуулж байсан удаагүй. Цаасан дээр буусан эрхзүйн орчингүй үеэс чөлөөт бүсийн асуудал эхэлсэн. Аливаа зүйл цаг хугацаа орон зайд бүрэлдэж бий болдгийнхоо хувьд хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, инженерийн хангамжийг бий болгох, түүнийг хариуцаж явах субьектүүд бий болох ёстой. Дээрээс нь санхүү эдийн засгийн орчинг бүрдүүлэх олон гарц хайж байна” хэмээлээ.

Чөлөөт бүс төдийгүй Замын-Үүд сумыг дулаан, цахилгаанаар хангах дэд станцууд ашиглалтад ороод хэдийнэ 5-6 жил өнгөрчээ. Гэвч эдгээрийг ажиллуулалгүй тоосонд даруулснаас зарим тоног төхөөрөмж нь алга болсон байна. 

Замын-Үүдийн чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар болсны 100 орчим га-г нь 58 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авчээ. Тэдгээр аж ахуйн нэгж өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд газрын төлбөрт 1.2 тэрбум төгрөг төлж, улсын төсөвт төвлөрүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй 50 сая, Монгол Улсын Засгийн газрын 8.8 сая ам.долларын хөрөнгийг чөлөөт бүсэд зарцуулж, цахилгаан, дулаан, усаар хангах бүтээн байгуулалтыг барьж дуусгажээ. Энд үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжүүдийн дөрөв нь бүтээн байгуулалт өрнүүлж буй. Тэд өнөө хэр ус, дулаан, цахилгаанаа шийдүүлж чадаагүй учраас өөрсдийн хөрөнгөөр цахилгаанаа татаж, худгаас ус зөөж байгаа аж. Уг нь чөлөөт бүс дотор ердөө 200 метр хүрэхгүй үгүйтэй газарт цахилгаан, ус нь ирсэн ч ийн авч чадахгүй байгаагаа компаниудын төлөөлөл хэлж байлаа.

“МСМТ чөлөөт бүс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваарагчаа: Бидний байгаа дүр төрх л энэ

Манайх дулааны аргаар мах боловсруулж лаазалсан бүтээгдэхүүн болгож хоёрдогч буюу БНХАУ, Вьетнамын зах зээлд нийлүүлэх зорилготой. Үйлдвэр маань нийт зургаан тэрбум төгрөгийн өртгөөр байгуулагдахаас хоёр тэрбумыг нь зарцуулаад байна. Чөлөөт бүсэд дэд бүтэц байгаа ч аж ахуйн нэгжүүдэд өгөөгүй. Тиймээс ажлаа хурдан эхлүүлэхийг хүлээж байна.

“Эморс констракшн чөлөөт бүс” ХХК-ийн захирал Ч.Алтангэрэл

Энд үйл ажиллагаа эрхлэхээр 2016 онд газрын зөвшөөрөл авсан. Өнгөрсөн оноос бетон зуурмагны үйлдвэрээ барихаар ажлаа эхлүүлээд байна. Одоогоор 500 сая төгрөг зарцууллаа. Өдөртөө хамгийн багадаа хоёр, ихдээ 10 сая төгрөгийн зарлага гардаг. Ус, цахилгаан байхгүй учраас мотор асааж, худгаас ус зөөж бүтээн байгуулалтаа өрнүүлж байна. Чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох ажил Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед нэлээд идэвх санаачилгатай байсан. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх их зоригтой хүн шиг харагддаг. Зориглоод энэ ажлыг эхлүүлбэл эдийн засагт тодорхой хэмжээгээр хөдөлгөөн орно. Чөлөөт бүсийн дэд бүтцийг шийдсэн, эдгээрийг төрийн шат шатных нь байгууллагад хариуцуулж өгөөд урагшлаасай гэсэн хүлээлт бидэнд бий. Ингэж зориглохгүй бол чөлөөт бүс байгуулна гэж ярьсаар түүх болж үлдэнэ. Энэ талаар сүүлийн жилүүдэд ярилаа, дорвитой өөрчлөлт алга байна шүү дээ.

Энэ бол чөлөөт бүсэд бүтээн байгуулалт өрнүүлсэн хоёр компанийн төлөөлөл. Тэнд бетон зуурмаг, мах, барилгын хэв хашмал үйлдвэрлэхээр компаниуд ажлаа эхлүүлжээ. Дээрх хоёр үйлдвэр гэхэд үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл 200 орчим хүн ажлын байраар хангах аж.

Цаашид бүсийг байнгын ажиллагаатай болгоход Азийн хөгжлийн банк, бусад хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатайг Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч И.Батнасан хэлж байна.

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч И.Батнасан

Чөлөөт бүсийг цогцоор нь байгуулахад 400 гаруй сая ам.доллар шаардлагатай. Үүний хажууд 60 орчим сая ам.доллар бага мөнгө. Гэхдээ бид бага мөнгө гээд зүгээр суугаагүй, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна. Дэд бүтцийг хариуцах санхүүжилт, гарах зардлыг нөхөж явах учраас төрийн бүтцийн байгууллага байгуулах шаардлага бий. Үүнийг дагаад тэдгээрт ажиллах хүн хүч, цалин хөлс гээд тодорхой хэжээний төсөв хэрэгтэй. Ажиллаад эхлэхээр урсгал зардал, санхүүжилтийг хэрхэн хангах вэ гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагынхан судалж байна. Яарах сэтгэл хүн бүрт байгаа ч долоо хэмжиж нэг огтолж байж хийх хэрэгтэй. Аливаа тооцоолол, төлөвлөлтийг буруу гаргачихвал өмнөх ажлаа үгүйсгэсэн болно.

Манай улс Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурт чөлөөт бүс байгуулахаар болсон ч алинд нь ч ажил урагшлаагүй ийм байдалтай байна. Чөлөөт бүсийг ажиллуулж эхэлбэл эдийн засаг эргэлтэд орж, иргэд ч бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломж бүрдэнэ. Гэтэл улсын эд хөрөнгийг хайр найргүй элсэнд даруулж, зэврүүлж, хуучруулж байгаа жишээ хамгийн их хөл хөдөлгөөнтэй Замын-Үүд чөлөөт бүсэд байна. Бидний байгаа дүр төрх л энэ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна