Өр, сэтгэцийн эмгэг: Нэг зоосны хоёр тал

Х.Батсайхан
2023/08/02

Өр шир, сэтгэцийн эрүүл мэнд хоёр бол ерөөс ангид байх аргагүй нэг зоосны хоёр тал ажээ. Аливаа улсад “Төр байваас татвар буй, татвар буй дор төр оршмой” гэдэг шиг өр зээл хэдий их байна, сэтгэцийн эрүүл мэнд тал дээр тэр чинээгээрээ эмзэг, эрсдэлтэй байх зүй тогтолтой аж. Тиймээс энэ талаар мэдлэгтэй улсуудад иргэдээ хамгаалах бүтэц бий болж хөгжсөн байна. Манайд энэ бүтэц одоогоор алга.

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сул байгаа нь өр зээлтэй тодорхой хэмжээгээр холбоотой

Өр нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгээс гадна, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өр тавихад хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, өр, сэтгэцийн эрүүл мэнд хоёр нь бие, биеийнхээ шалтгаан болдгийг шинжлэх ухаанч судалгаагаар нэгэнт тогтоожээ.

Гурван жилийн өмнө ДЭМБ, СЭМҮТ “ Монголд гурван хүн тутмыннэг нь сэтгэцийн асуудалтай” гэсэн судалгаа гаргаж, хэвлэлүүд “Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна” гэлцэн шуугиж байж билээ. Энэ судалгаа худлаа байсан гэж бодохгүй байна. Тиймээс бид иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд юуны түрүүнд “Монголд үнэхээр сэтгэцийн асуудал хавтгай байгаа юм байна шүү. Үүсгэж байгаа олон шалтгааны нэг нь өр, зээл юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь эрсдэлээс сэргийлэх, нэгэнт эрсдэлд орсон хүмүүсээ хамгаалах асуудал яригдах учиртай. Монголд өнөөдөр нэг талд гэр бүл салалт, ажилгүйдэл, ядууралд өртсөн, өрөнд хэзээ ч ороход бэлэн хэсэг бүлэг, нөгөө талд нэгэнт өрөнд орсон хэсэг бүлэг сэтгэцийн эмгэгээр шаналж байна. Нийтээрээ өр зээлтэй, орлого бага, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хувь маш өндөртэй манай улсын хувьд энэ бол анхаарах ёстой асуудал мөн.

Сэтгэлзүйн байдал өр хоёрын харилцан хамаарал

Иргэдийн өрөнд орох шалтгаан олон янз. Тэр шалтгаануудаас материаллаг шалтгааных нь талаар энд ярихгүй. Гагцхүү сэтгэлзүйтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч, хоёр бодит жишээн дээр төвлөрье.

Иргэн А

Нэг удаа Зөрчлийн хуулиар өндөр торгууль төлсний дараа санхүүд маань асуудал тулгарч эхэлсэн. Торгуулиа төлөхийн тулд нэг газраас зээл авсан бөгөөд санхүүгийн түүх муу байсан тул өндөр хүүтэй газраас зээлсэн. Дараа нь эргэн төлөлт хийх үү, байр ус, цахилгааны мөнгөө төлөх үү гэсэн сонголт байнга тулгарах болсон. Тэгээд би нэг удаа маш ихээр бухимдаж, тогны мөнгөө ч, эргэн төлөлтөө ч хийгээгүй... Дараа нь банк, ОСНААК-аас дарамт ирж эхэлсэн. Шүүхийн шийдвэрт хандсан байсан.

Өр ширэнд баригдах үндсэн шалтгаануудын нэг болох “Төлбөрийг үл тоомсорлох явдал” энэ жишээн дээр гарч ирж байна. Өр төлбөрөөс үүдэлтэй сэтгэцийн асуудалд орсон хүний санхүүгийн шийдвэр гаргах чадвар буурч, тулгамддаг. Улмаар яарч, хамгийн буруу сонголт хийх магадлал өндөрсдөг байна. Буруу шийд гаргаснаа мэдсэн хүн мөнгө төлбөрийн асуудлаар хүнтэй харилцахад хэцүү болж, даамжрахаараа бичиг цаас, төлбөр тооцоог үл тоомсорлох явдал гаргаж, улам хүнд байдалд ордог аж.

Иргэн В

Ажлын ачаалал их, цалин бага болохоор би төлбөрөө төлөхөө мартаж, байнга нэхүүлдэг байсан. Үүнээсээ болж стрессддэг ч том зээл тавьж байгаагүй. Гэтэл нэг удаа зээлээр сүүлийн үеийн гар утас авч, удалгүй гээснээс хойш өр зээлнээс салахаа больсон доо. Сүүлдээ “Сүүлийн үеийн чанартай бүтээгдэхүүнийг зээлээр ч болтугай авч хэрэглэх ёстой. Хүн өөрөөсөө мөнгөө харамлах нь тэнэг хэрэг” гэж боддог болсон. Сүүлд дахиж зээл авсан. “Төр зээлтэй хүмүүсийнхээ өрийг тэглэнэ” гэсэн яриа бас нөлөөлсөн.

Энд харин нийгмийн сэтгэлзүйн сул байдал өрөнд өрөх шалтгаан болдгийг баталсан жишээ байна.

Өрөнд донтох буюу нэг төрлийн маниак хам шинж ч харагдана. Санхүүгээ удирдах нь хүнээс ажил хийхтэй адил ухамсартай үйлдэл, нарийн ухаан шаарддаг. Гаднын таагүй нөлөөлөөс болж энэ чадвар алдагдахад зарцуулалт эмх замбараагүй болж, өрөнд орох үүд нээгддэг. Харин нэгэнт өрөнд орсон, энэ нь байнгын шинжтэй болсон бол яваандаа өрөнд донтдог байна.

Нийт өртэй хүмүүсийн тодорхой хэсэг нь ямар ч хэрэгцээгүй эд зүйл авахын тулд зээл авагсад буюу өрөнд донтогсод байдаг нь нотлогдсон.

Эрсдэлээс хамгаалах аргууд

Өрийн удирдлагын үйлчилгээ: Нэг сард таван газарт 100, 100 мянган төгрөгийн эргэн төлөлт хийдэг хүн нэг газарт 500 000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг хүнээс илүү сэтгэлзүйн дарамт мэдэрдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс гаднын өндөр хөгжсөн улсуудад өрийн зөвлөх үйлчилгээ буюу иргэдэд зээл авах эсэхээ шийдэхэд нь зөвлөдөг, нэгэнт үүссэн өр төлбөрийг зохих газарт нь үйлчлүүлэгчийнхээ өмнөөс шилжүүлж өгдөг үйлчилгээ өргөнөөр нэвтэрсэн байдаг байна. Та хэдэн газарт ч эргэн төлөлт хийдэг бай хамаагүй, нийлбэр дүнгээ л өрийн зөвлөх рүүгээ шилжүүлж, зөвлөх тань цааш нь төлбөл зохих газруудад таны өмнөөс шилжүүлнэ гэсэн үг. Мөн орлого хүрэлцээгүй тохиолдолд зээлийг чухал, чухал бишээр нь эрэмбэлж төлснөөр үйлчлүүлэгчдээ ирэх эрсдэлийг боломжит хамгийн бага хэмжээнд хүртэл багасгадаг байна.

Иргэд ч үйлчилгээ авах сонирхол өндөр байдаг. Энэ нь өр шир, санхүүгийн асуудал нь хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг, хүмүүс ч өөрсдөө мэдрээд аль болох өртөхгүйг хичээдгийг баталж байгаа юм. Манайд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг ч ихэвчлэн байгууллагуудтай харилцдаг. Зээл олгодог зарим байгууллага аппликейшндээ хэрэглэгчийн орлого, зарлагыг харьцуулж, зээлийн зөвлөгөө өгдөг хиймэл оюун ухааныг хөгжүүлж эхэлж байгаа ч өмнөөс нь шилжүүлгүүдийг нь хийж, эзнээ стресс ядаргаанаас чөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна.

Англид дампуурсан хүнд “ногдуулдаг ял”-ыг Монголд зээлээ хугацаа хэтрүүлж хаасан иргэнд өгч байна

Өр ба сэтгэцийн эрүүл мэндийн хамаарлын талаар мэдээ баримт цуглуулж байх явцдаа Англи улсын жишгийг судлаад их сонин юм олж мэдэв. Тэндхийн санхүүгийн байгууллагууд сэтгэцийн эрүүл мэнд нь асуудалд орсон иргэндээ Өрийн удирдлагын агентлагаар дамжуулаад янз бүрийн боломжийг санал болгодог юм байна. Жишээ нь:

Эргэн төлөлт, хүүгийн уян хатан нөхцөл: Анх авсан нөхцөлөөр төлөх боломжгүй болсон ч орлогодоо тохируулаад төлөх санал тавьж болно (гэхдээ та яг бодитоор хангаж чадах ганцхан л санал). Энэ тохиолдолд зээлдүүлэгчээс өрийн хүүг царцаахыг хүсэх эрхтэй.

Өрийг зогсоох:

Хэрэв танд маш бага орлого байгаа бол мөн нэрлэсэн дүнгээр эргэн төлөлт хийх, эсвэл төлбөрийг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргаж болно.Боломжийн нөхцөлөөр “Зээлээ бүрмөсөн хаах”: Зээлдүүлэгч зээлийн үлдэгдлээс бага хэмжээний нэг удаагийн буюу шууд төлж барагдуулах саналыг хүлээн авах боломжтой.

Өр тэглэх:

Практикт ховор тохиолддог ч зээлдэгч нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарвал өрийг тэглэх боломжтой.

Дампуурал:

Их хэмжээний өртэй, ямар ч хөрөнгөгүй бол дампуурах сонголт бий. Дампуурал зарлавал нэг жилийн хугацаанд санхүүгийн ямар ч үйлчилгээ авах эрхгүй болно. Мөн зээлийн агентлагуудад 6 жилийн хугацаанд бүртгэгддэг бөгөөд ирээдүйд санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэл учруулж болзошгүй.

Манай улсын санхүүгийн байгууллагуудын тухайд сэтгэцийн асуудалтай болж хөдөлмөрийн чадвараа түр болон бүрмөсөн алдсан үйлчлүүлэгчид зориулсан тусгай журам хэрэгжүүлдэг эсэх нь бүрхэг, үйлчлүүлэгчийн амь насны болон бусад даатгал, хамтран зээлдэгч зэргээс эрсдэлээ хаадаг байна.

Монголд хэдэн арван мянган хүн хүн амиа хорлох эрсдэлтэй байна

Өрийн улмаас илэрдэг сэтгэцийн хамгийн хурц илрэл нь амиа хорлох явдал юм.

Манай улсад өр зээлээ төлж дийлээгүйн улмаас амиа хорлосон тохиолдол байнга гарах боллоо. Иргэдэд тулгарч буй сэтгэцийн дарамт ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлтэй харьцуулбал банкны салбараас олгосон нийт зээлийн ес орчим хувь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь чанаргүй гэсэн тоо байна. Энэ нь нэг талаар нийт зээлдэгчдийн ес орчим хувь нь өрөөс үүдэлтэй сэтгэлийн дарамтад байсан гэсэн үг мөн. Банкны зээлээс гадна бүр ч илүү дарамттай өдрийн зээл гэгчид жижиглэн худалдаа эрхлэгчид бараг бүгдээрээ дарамтлуулж байгаа талаар холбооны тэргүүн нь ярьж байсан. Өдрийн зээлнээс болж амиа хорлосон тохиолдол ч нэг бус гарсан. Цаад утгаараа жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд амиа хорлох эрсдэлтэй гэсэн үг.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.157
    2023/08/13

    S AWNA80955877

    Хариулах
  • 202.9.46.24
    2023/08/02

    Зээл авахын дон шүгэлсэн сэтгэцийн өвчлөл их байна.

    Хариулах
  • 87.147.150.32
    2023/08/02

    mongold 1aild 1setgets uurchligdsun ba arhind dontson 1solongos yvsan 1buu bolson huntei gedeg baisan chini odoo 3 tai boljee gej bn shu

    Хариулах
  • 202.9.46.12
    2023/08/02

    Зөвхөн мнглчуудад бдаг хэрээ мэдэхгүй байж “Хүний дор орохгүй “ гсэн мулгуу сэтгэлгээ 30 жил давамгайлсан. Үүнийхээ горыг дээгүүр доогуургүй хүртэж нүүрсний болон ишигний ……..гэхчлэн хүн толгойтой болгон нь хулгайч; дээрэмчин; алуурч; улсаа худалддаг урвагчид болсон доо. Ардчлсн гэх буруу хуурамч замд орсны гай

    Хариулах
  • 202.126.88.145
    2023/08/02

    Urgui bol Bayn. Ta bayn Amidrch Chadnaa.

    Хариулах
  • 203.98.76.176
    2023/08/02

    айл бүхэнд нэг сэтгэцийн өвчтэй хүн байна эсвэл худалч өртэй

    Хариулах
  • 202.9.46.24
    2023/08/02

    Сэтгэцийн өвчтэй оркууд үхэцгээ.

    Хариулах
  • 202.9.46.24
    2023/08/02

    1990 оноос хойш орк монголчууд ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, өр, баян ядуугийн ялгаа, авилгал, хүнд суртал, агаарын бохирдол, түгжрэл, гэр бүл салалт, гадуурхалт гээд олон хүчин зүйлээс болж сэтгэцийн өвчтэй болцгоосон.

    Хариулах