Ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах “Match” төсөл

С.Гандэлгэр
2021/02/21

Зориг сангийн “Залуу Манлайлагч” хөтөлбөрийн 18 дахь удаагийн оролцогчдын хэрэгжүүлж буй “Match” төсөл нь ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв оновчтой сонгоход туслах танин мэдэхүйн болон үнэн зөв бодитой мэдээллээр хангах, тухайн сонгосон болон сонгох гэж буй мэргэжлийн өсөлт хөгжил, карьерыг зураглалыг таниулах зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийнхөө хүрээнд тодорхой мэргэжил бүрийн нэг өдрийн ажлын зураглалыг харуулсан богино хэмжээний видео контент, салбар бүрийг төлөөлөх зочдыг урьж тэдний туршлагаас хуваалцах зорилготой подкаст цувралууд мөн мэргэжил сонголттой холбоотой олон сонирхолтой мэдээлэл, тэмцээн уралдааныг хүргэх юм.

Жишээ нь: 

 Хүүхэд бүр мэргэжлээ сонгохдоо тодорхой мөрөөдөл болоод карьерын замналын төсөөлөлтэй байдаг шүү дээ. Тэгвэл “Match” төслийн баг ерөнхий боловсролын арав гаруй улсын болон хувийн сургуулийн төлөөлөл 9-12 ангийн сурагчдаас судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 70% нь мэргэжил сонголтын талаарх хангалттай мэдээлэл байдаггүй гэж үзсэн бөгөөд мэргэжлээ сонгохдоо интернетээс мэдээлэл цуглуулж мөн гэр бүлээсээ зөвлөгөө авдаг гэжээ. Харин улсын хэмжээнд нийт ЕБС төгсөгчдийн 15% нь л мэргэжлээ зөв сонгож цаашдаа сонгосон мэргэжлээрээ тууштай ажилладаг гэсэн статистик байдаг.

Өнөөгийн нөхцөл байдалд Монголын хөдөлмөрийн зах зээлийн талаарх залуучуудад зориулсан бодит, хүртээмжтэй мэдээ мэдээлэл авах нэгдсэн суваг хомс байгааг манай төслийн баг олж харсан юм. Залуучууд мэргэжил болон карьер хөгжлөө олны танил хүмүүс (influencers, thought leaders), гэр бүл гэх мэт хэт нэг талын үзлийг агуулсан эсвэл кино, энтэртаймент дээр үндэслэж хийсвэр өндөр хүлээлт тавьдаг.

Ажлын байр дээр гарсны дараа эсвэл ажил хайж байх үед анхны хүлээлт хэт өндөр эсвэл огт өөр байснаас болж үүссэн зөрүүнээс болоод өөрийгөө дутуу үнэлэх, хийсэн сонголтдоо эргэлзэх, сэтгэл гутралд орох гэх мэт сөрөг үр дагавар гарч байна.

Үнэн бодит мэдээллийг олж авснаар:

  • Карьерын өсөлт хөгжлийн боломж бололцоог ойлгуулж, урам зориг өгөх;
  • Төслийн хүрээнд сонгосон мэргэжил бүрийн давуу, бэрхшээлтэй талуудыг харуулах;
  • Бодит байдал дээр тулгуурлаж дүгнэлт хийн ахлах ангийн сурагчдад шийдвэрээ гаргахад нөлөөлөх юм.

Тус төслийн хүрээнд  мэргэжил сонголтод туслах олон видео контент, подкаст, постерууд  хийгдэж байгаа. Дээр дурдсаны дагуу ЕБС төгсөгчдийн мэргэжлээ зөв сонгож чадахгүй байгаа нь энэ нийгэмд тулгамдаж буй маш том асуудал мөнөөсөө мөн. Тийм учраас тус төсөл нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд, ялангуяа төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгож ирээдүйгээ гэгээлгээр бүтээхэд чухал тус хүргэх юм.

Холбогдох: https://www.facebook.com/match...

 

 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.