“Нийтийн тээврээ хөгжүүлье” гэж худал ярьсаар байх уу?

2020 оны 10 сарын 23

Хотдоо  хүн, машин нь багтахаа байж, замын түгжрэл хэрээс хэтэрч, зарим өдөр O зогсолт хийж байна. Өвөл болохоор утаагаа санадаг шиг түгжрэл хэтийдэх бүрд “нийтийн тээврээ л хөгжүүлье, өөр гарц алга” гэж  дор бүрнээ шогшрох.  Сая орон нутгийн сонгуулийн өмнө  хүчтэй яригдсан ч  тэгэсгээд намжсан.

Харин нөгөө түгжрэл бахь байдгаараа л. Тэгвэл хотын түгжрэлийг шийдэх номер нэг арга замаар нэрлэгдээд буй нийтийн тээврийн хөгжилд ямар ахиц гарав.  Жил бүр  парк шинэчлэл хийж байна гэж яригддаг  нийтийн тээвэрт ахиц дэвшил гарсан эсэхийг сурвалжиллаа. 

Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 934 автобус нийтийн тээвэр үйлчилгээг үзүүлдэг. Өглөө, орой ажил эхлэх болон тарах үеэр нийтийн тээврийн ачаалал ихсэж хүндрэл үүсдэг. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 600 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг гэх тоон үзүүлэлт бий. Зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн, зогсох зайгүй шахцалдсан нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур хүн дэндүү олон тул хүмүүс хувийнхаа унаагаар хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ. Энэ нь замын түгжрэлийг өдөөж буй хүчин зүйлийн нэг.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар энд ярих илүүц биз.Тамхи зууж утсаар буу халсан жолооч нь хүн биш мах ачсан мэт огцом хурдалж, гэнэт зогсох байдлаар хөлийн тэнцвэр, гарын шөрмөсийг тань шалгана. Нүүрс мэт гялтайх суудлын бүрээс, хэзээ мөдгүй тасарч мэдэх хиртэй оосор, бариулууд нянгаар баялаг гэдэг нь эргэлзээгүй. Ажил, гэр, хичээл, сургууль¬даа нийтийн тээврээр зорчдог хагас сая хүний зовлон үүгээр дуусахгүй. Ажил эхлэх болон тарах цагаар Улаанбаатар хотын автобусны буудлууд зах аятай л болно. Хагас болон бүтэн цагаар нийтийн тээвэр хүлээсэн хүмүүс зогсоол дээр автобус ирэх үед хурд, хүчээ үзнэ. Товчхондоо энд ширэнгийн хууль үйлчилнэ.

Хэн хүчтэй, хэн хурдтай нь автобусанд амжиж суух агаад бие бялдар тааруу, нас сүүдэр өндөр хүмүүс дараагийн автобусыг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Харин залуус нь алхаж цаг хорооно. Ялангуяа өвлийн хахир  хүйтэнд энэ дүр зураг тун өрөвдөлтэй. Уг нь жил бүрийн намар нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, дутагдлыг засдаг ч нийтийн тээвэр өвөлд бэлэн эсэх нь эргэлзээтэй. 

Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажиллах ёстой байгууллага бол Нийслэлийн тээврийн газар. 80 гаруй албан хаагчтай энэ газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагуудад хяналт тавьж, соёлтой, сахилга баттай үйлчилгээг иргэдэд хүргэхийг шаардах эрхтэй.Хагас сая хүний эрхийг төрийн өмнөөс хамгаалж, тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох үүрэгтэй уг газрын үйл ажиллагаа дэндүү дутагдалтай байгаа нь харамсмаар.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХНИЙ УХРАЛТ 

 

Нэг сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг аж. Гэтэл улаанбаатар хотын иргэдэд одоогийн байдлаар 934 автобус үйлчилж байна. Монгол улсад тээвэр хийж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь БНСУ-с орж ирсэн. Ингэхдээ тухайн улсад актаас гарсан автобусыг Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ мэтээр рекламдаж нэвтрүүлдэг. 

Энэ талаар том оврын автобус эрхлэгчдийн холбооноос тодруулахад  “Нийтийн тээврийн үйчилгээнд явж байгаа 800-900 орчим автобусын 92 хувийг 10¬-аас дээш жил  явсан тээврийн хэрэгсэл эзэлдэг. Шинэ автобус худалдан авах боломж муу байна.Төрөөс нөхөн төлбөр өгдөггүй болохоор аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө боломжоор нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байна.

Бид 20 гаруй жил төрийн үйл хэргийг нуруундаа үүрч ирсэн” гэж тайлбарласан байдаг. Энэ бол үнэн. Ер нь ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орноос бид автобусаа авч ирсэн. Бүгд л тухайн орондоо актаас гарсан байх бөгөөд эцсийн зогсоол нь Монгол улс болж байгаа нь өрөвдмөөр. Нийслэлд парк шинэчлэлээр ирсэн автобус хамгийн багадаа таван жил Улаанбаатарын нийтийн тээвэрт хүчин зүтгээд дахин хэн ч ашиглах боломжгүй болоод тэтгэвэртээ гарч байна.

Жилээс жилд нийтийн тээврийн тоо буурсаар байна. Мөн үйлчилгээний чанар муудаж, ая тухтай байдал алдагдаж байна. Автобус ирдэггүй, жолооч нар нь харилцааны соёлгүй, осол аваар гаргадаг, цэвэрлэгээ үйлчилгээ нь тогтмол хийгдэхгүй байгаад иргэд бухимдсаар. Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг орлого хөөцөлдөж биш иргэн бүртээ хүрч үйлчлэх, аюулгүй, ая тухтай байдалдаа түлхүү анхаарах учиртай. Үүний тулд тээврийн үйлчилгээнд тавих хөндлөнгийн хяналт, хариуцлагын тогтолцоо ойлгомжтой байх ёстой.

Өнөөдөр нийтийн тээврийн автобуснууд цаг рейсээ бүрэн гүйцээж байгаа эсэх, хуваарийн дагуу үйлчилгээгээ үзүүлж байгаа эсэхэд тавих хяналтыг илүү тодорхой болгох шаардлага байна.  НИТХ-аас нийтээрээ хөлөглөх тээврийн үйл ажиллагааны зардалд шаардлагатай төсөв мөнгийг  баталж ирсэн. 2018 оныхоос нийтийн тээврийн зардлыг 19.09 хувиар өсгөж, 2019 оны нийслэлийн төсөвт гэхэд 114 тэрбум төгрөг баталсан. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй ажиллагаа, менежментийг сайжруулах санаачилга гаргахгүй байж дахин төсөв мөнгө нэмүүлж батлуулах санал оруулж ирж байгаа хариуцлагагүй үйлдэл гарсаар л байна.

Одоогоос зургаан жилийн өмнө нийслэлийн иргэдийн 90 хувь нь метротой болохыг дэмжиж, 60 гаруй хувь нь үйлчлүүлэхээ илэрхийлж байсан судалгаа бий.Он цаг улирч тэр мөрөөдөл бараг замхрах тийшээ хандаж байсан үеэр Нийслэлийн тээврийн газрынхан улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд албан ёсоор зарлаж байсан. Улаанбаатар 1.4 сая хүн амтай, зэрэг дэвээрээ бол метрополис хотын хэмжээнд хэдийн хүрчихсэн. Гэхдээ нийтийн тээвэр нь энэ тодотголын хэмжээнд хүрэхэд дэндүү хол байна. 

Замын хөдөлгөөний эд ачааллын үеэр буюу өглөө, орой ажил цуглах, тарах цагаар автобусны дүүргэлт 100 хувьтай байдаг бол өдөр ачаалал багатай үеэр 60-70 хувийн дүүргэлттэй байдаг гэдгийг албаныхан хэлдэг.

Энэ  талаар  Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С. Цэцэгмаа

“Нийтийн тээврийн стандарт гэж бий. Автобуснуудын насжилт 12 жил хүрсэн бол үйлчилгээнээс хасагддаг. Бүртгэлийн санд 1200 гаруй автобус байгаа. Энэнээс 60 орчим хувь нь насжилт өндөр буюу 9-с дээш насжилттай, арав орчим хувь нь 3-4 жилийн насжилттай, үлдсэн нь 5-7 жилийн насжилттай байна. Олон улсын жишгээр саяаас дээш хүн амтай хотод мянга орчим автобус үйлчлэх ёстой.

Харин Улаанбаатар хотын хувьд суурин хүн ам нь сая 400  дээр нь нэмээд орон нутгийн иргэд орж гарч байгаа иргэдтэйгээ нийлээд сая 500 болчихсон тохиолдолд Олон улсын жишгийн дагуу мянга орчим автобус үйлчилгээнд гарах боломжгүй юм. Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлт хангалтгүй нөхөн олговрын зөрүүг улсаас авдаг мөн машин цагийн санхүүжилт зэргээс хамаараад тухайн салбар маш их алдагдалтай ажилладаг. 2020 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар 22 тэрбум төгрөгийг Нийтийн тээврийн парк шинэчлэлтэнд төсөвлөсөн.

Нийтийн тээврийн хүртээмжийг зуун хувь хангахад бид нарт 200-300 ширхэг автобус зайлшгүй нэмэх шаардлага гарна. Өнөөдрийн байдлаар нийслэлд карт цэнэглэх 1002 цэг байдаг ч эдгээр цэгүүдийн ажиллах цагийн хуваарь хангалтгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна” гэв. 

Дээрх асуудлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэлийн  Нэгдүгээр баазын техникийн ахлах инженер Г.Баярмөнх

“Манай байгууллага орон нутгийн аж ахуйн тооцоотой газар. Манай санхүүжилт зорчигчдын карт уншуулсан байдлаас шалтгаалдаг.Бид "Улаанбаатар Смарт" компани руу цаг, эргэлтийн гүйцэтгэлийг өгдөг. "Улаанбаатар смарт" компани бидний гүйцэтгэлийн дагуу  байгууллага  руу орох орлогыг харилцан гэрээгээр хамтран ажилладаг учраас өгдөг. Тиймээс иргэд бэлэн мөнгөөр зорчих нь манай байгууллагат маш их алдагдалтай байдаг.

Бид иргэдийг жолоочид сул бэлэн мөнгө өгөхийн оронд бэлэн мөнгө хийх хайрцагыг давхар ажилллуулах  саналыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт гаргасан. Мөн тарифын зөрүүг гаргах саналыг хүргүүлсэн.Жишээлбэл, бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ 500 төгрөгөөр картаа уншуулбал 300 төгрөгөөр зорчдог байж болно.Хэрвээ ингэж шийдвэл иргэд картаа уншуулахыг бодно шүү дээ.Хэрвээ энэ санал, санаачилга хэрэгжвэл мөнгөний сул эргэлтэнд хяналт тавих боломжтой болно” гэв.

Энэ тухай иргэдийн саналыг сонсоход “Автобусанд хамгийн багадаа 3 цагийг хий дэмий үрж байна. Яг орой ажил тарах болон өглөө нийтийн тээврээр зорчиход тун хүндрэлтэй байна. Хүрэлцээ муу, орчин тав тух гээд бүх зүйл нь санаанд хүрэхгүй байна. Түгжрэлтэй үед нийтийн тээврээр зорчино гэдэг жинхэнэ аюул” гэх   зэргээр шүүмжилсэн юм. 

Эцэст нь дүгнэхэд нийтийн тээвэр кондуктороо халж,  төлбөр тооцоог картаар төлдөг болсноос өөр өөрчлөлт шинэчлэл үнэндээ алга. и Иргэдийн хүсэн хүлээж буй хүртээмжтэй, тав тухтай орчин,  шатаж дэлбэрэх эрсдэлгүй автобус үгүйлэгдсэн хэвээр. 

Түгжирхээрээ ярих биш, сонгууль болохоор амлах биш нийтийн тээврийн  парк шинэчлэл, хүртээмж, тав  тухыг нэмэгдүүлэхэд нүдэнд харагдаж, гарт баригдах ажил  хиймээр байна. Өнөө маргаашгүй томилогдох гэж  байгаа хотын удирдлагууд  нийтийн тээврийнхээ хөгжилд дорвитой өөрчлөлт хийх саналыг энэ сурвалжлагаараа хөндлөө. 

 

Н.Мөнхжин 
 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 26
122.201.24.194
ХОТОС авлмгачдыг ЗАЙ

яахаараа 44000 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ АВТОБУСЫГ 130000 ДОЛЛАРООР АВЧ БАЙГАА ЮМ ВЭ? яагаад ХУДАЛДАН АВАЛТ УЛСЫН НУУЦАД БАГТДАГ ЮМ ВЭ? авлигачдыг ХАМГААЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА ВЭ? ингэж ТӨСӨВИЙН МӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ БАЙХАД НИЙТИЙН ТЭЭВЭР САЙЖРАХГҮЙ.

2020 оны 10 сарын 23
192.82.75.227
яг үнэн.

Ярьснаараа бол манай улс дэлхийд байхгүй жишиг нийтийн тээвэртэй болчихсон байх байлаа Хотын төвөөр ил,далд меторо,агаарын дүүжин тээрэр гээд ккк. Би нилээд хэдэн орноор явж,бас ч үгүй хэд хэдэн эх сурвалаас мэдээ олоод үзчихдэгийн хувь хэлэхэд хотын нийтийн тээвэрт агаарын дүүжин тээвэр байдгийг хараагүйгээр барахгүй дуулаагүй.