Тавантолгойн өрөмдлөг тэсэлгээнд хэмжээгүй ноёрхлоо тогтоосон “Спейшл майнинг сервис”-ийн хуудуутай үйлдлүүд

Zuv.mn
2024/02/05

Ард иргэд хоногийн хоолгүй элгээрээ мөлхөж байхад улс төрийн хамааралтай хэдхэн гэр бүл, цөөхөн аж ахуйн нэгж ард түмний өмч болох “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэн сууж, зарим нь ганцаараа бүх тендерийг аван хуульгүй мэт аашилж байна.

Тэдгээр компаниудын нэг болох, “ЭТТ” ХК-иас зарласан 1.4 их наяд төгрөгийн үнийн дүнтэй тендерт ялалт байгуулсан, "Молекул" хэмээх Б.Батбаярын /"Молекул" Б.Батбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д нөлөөгоо тогтоосон байж болох шалтгааны талаар нийтлэлийг эндээс https://zuv.mn/122w уншина уу / хүү Б.Баттулгын эзэмшлийн “Спейшл майнинг сервис” компанийг “Сэжүүр” онцолж байна.

Тавантолгойн нүүрсний орд нь тусдаа найман лиценз бүхий бүлэг орд бөгөөд түүнийг зургааг нь төрийн  өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр зургаан ордоос одоогийн байдлаар Баруун, Зүүн Цанхи гэсэн хоёр лицензит талбайд олборлолт явуулж, Бортээгийн орд дээр олборлолт явуулахаар зэхэж буй. Тэгвэл тус бүр нь аварга том хэмжээтэй эдгээр гурван уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг “Спейшл майнинг сервис” гэх ганцхан компани дангаараа гүйцэтгэж байна. Түүгээр ч зогсохгүй Орон нутгийн буюу “Жижиг” Тавантолгойн өрөмдлөг тэсэлгээг ч энэ компани авчээ.

Мэдээж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ямар ч ААН төрийн өмчийн компаниас зарласан тендерт оролцож, ажил гүйцэтгэх эрхтэй. “Спейшл майнинг сервис”-т ч тийм эрх бий. Гэхдээ хуулийн дагуу шударгаар ялах үүрэгтэй. Харин “Спейшл майнинг сервис” тийм байсангүй.  

“Спейшл майнинг сервис” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан 1.4 их наяд төгрөгийн үнийн дүнтэй дөрвөн тендерт ялжээ. Тэдгээрээс “Нүүрсний сонсгол” 706 тэрбум, 839 сая, 150 мянга, 414 төгрөгийн үнийн дүн бүхий гурван тендерийг онцолж, нэгд нь шүүхийн шийдвэрээр, мөн нэгт нь хууль зөрчиж ялсан болохыг нотолсон бол үлдсэн нэг нь Шүүхийн маргаантай байгаа гэсэн байдаг.

Тодруулбал, 2019 онд зарлагдсан Цанхийн Баруун уурхайн тендерт “Элгэн” ХХК-тай түншилж ялахдаа “Боловсон хүчний шаардлага хангаагүй” байж болзошгүй зөрчил тогтоогдсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэлгээний хороо Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг биелүүлэлгүй илт нэг талд үйлчилж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 47.2.2, 29.1, 29.2, Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 98.2-ыг зөрчиж ялуулжээ. Энэ ажлыг авахдаа 301,753,139,834 төгрөгөөр гэрээлсэн.

Дараа нь, 2021 онд зарлагдсан Цанхийн Зүүн уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлын тендерт өрсөлдөөд ялагдсан ч шүүхэд хандаж, улмаар 2022 оны есдүгээр сарын 14-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх энгийн нэг тендерийн маргаан боловч энэ хэргийн шийдвэрийг нээлттэй эх сурвалжид тавилгүй нууцалсан нууцалсан байдаг. Энэ тендерийг “Спейшл майнинг сервис” ХХК 221,128,983,711 төгрөгөөр байгуулсан.

Хамгийн сүүлд 2023 оны Цанхийн баруун уурхайн ЭТТХК/202305001 дугаартай тендерт оролцож, 183 тэрбум, 957 сая 026 мянга, 870 төгрөгөөр гэрээ байгуулжээ. Энэ тендерт орохдоо “Спейшл майнинг сервис” ХХК Тендерийн тухай хууль, захиалагчийн зүгээс тавьсан тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагуудыг нэг бус зүйл заалтаар зөрчжээ.

Тендерийн хууль, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагад жижиг, том гэж байдаггүй. Зөрчсөн л бол захиалагч татгалзах эрхтэй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хорооны дарга нь Нүүрсний сонсголын үеэр “Тендерийн шаардлагад том, багын ялгаа байдаггүй” ярьсан. Гэтэл “Спейшл майнинг сервис” ХХК Тендерийн үндсэн шаардлагуудыг зөрчжээ.

“Мера” компанийн төлөөлөл Б.Бадамчулуун энэ талаар “Спейшл майнинг сервис” ХХК 2023 онд зарлагдсан тендерт орохдоо тендерийн үндсэн бичиг баримтад шаардсан “Харилцагч банкны тодорхойлолт”-оо аваагүй. Мэргэжлийн боловсон хүчнийг тодорхойлох бичиг баримт байхгүй буюу тэсэлгээчний мэргэжлийн үнэмлэх аваад тендерт заасан хугацаа болоогүй ажилтнуудыг шалгаруулсан шийдвэр гарсантай бид санал нийлээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх бидний нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн ч ямар нэг хуульд заасан үндэслэлээр биш, бидний хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгэхээр бид бол “Хардах өнцөг байна” гэж харж байгаа.

Татгалзаж байгаа үндэлслэлүүд нь... Тендерийн бичиг баримтыг бид цахим системд илгээгээд оруулчихаад байхад “Байхгүй байна” гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа байхгүй юу. Гэтэл Цахим системд одоо ороод харсан ч бидний бичиг баримт байж байдаг. Гэтэл “Илгээгээгүй байна” гээд бүр нэг... Яг ямар үндэслэлээр татгалзаад байгааг нь бид сайн мэдэхгүй. Үнэхээр илгээсэн юм уу, илгээгээгүй юм уу гэдгийг Захиргааны хэргийн үзлэг, шалгалт хийгдэж, тодруулж, магадлах ёстой. Гэтэл шууд захиргааны хэргийг хаачихаж байгаа нь Ашиг сонирхлын зөрчил гэх юм уу, яг ямар зүйл байна гэдгийг хэлж мэдэхгүй. Маш эргэлзээтэй нөхцөл байдалтай л байна...” хэмээн ярьсан юм.     

Зүүн, Баруун Цанхи, “Жижиг” Тавантолгой, Бор тээг бол гурвуулаа нэг компанид ахдахаар шахам аварга том уурхайнууд. Тендерээ зарлахдаа ч том шаардлага тавьдаг. Нэг компани нэг хүний нөөц, техникээр оролцох ямар ч боломжгүй. Тэр байтугай тендерийн үндсэн бичиг баримтад заасан нэг л шаардлагыг биелүүлээгүй бол захиалагч бүрэн эрхийнхээ дагуу хасаж орхидог. Тэгвэл “Спейшл майнинг сервис” ХХК-д энэ дүрэм хэрэгждэггүй.

Зүүн, Баруун Цанхи, Бортээг гэсэн гурван аварга орд дээр нэг хүний нөөц, нэг техник хэрэгслээ санал болгож, ялдаг гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, “Спейшл майнинг сервис” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас авсан тендерүүд буюу 706,839,150,415 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ бүгд эргэлзээтэй байж болзошгүй аж.  

Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Үнэлгээний хороо, цаашлаад шүүх хуулиа барьж ажилласан бол “Спейшл майнинг сервис” ХХК нэг ч тендер авахгүй байжээ гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, “Спейшл майнинг сервис” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой”-гоос авсан 1.4 их наяд төгрөгийн тендер бол бусдын боломжийг булаасан үйлдэл, нэг төрлийн хулгай болж таарч байна.

“Нүүрсний сонсгол”-ын хүрээнд цугласан нотлох баримтуудыг хуулийн байгууллагад хүргүүлсэн гэдэг мэдээллийг Хянан шалгах түр хороог даргалсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Тэгвэл хуулийн байгууллага “Спейшл майнинг сервис”-ийн энэ мэт хариуцлагагүй, хулгайн шинжтэй үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна