ДНБ өсөх нь сайн, гэхдээ Ботсванаг нэг харчих...

Х.Батсайхан
2024/03/12

-Цаасан дээр нэг их өндөр өсөлттэй, бодит байдал дээр хуучнаасаа дээрдэхээргүй улс болж хувирах вий-

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ 5,000 ам.доллараас давсан билээ. Энэ өсөлт цаашид ч үргэлжилж, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжин, нэг, нэгнээ тэтгэх нь гэсэн хүлээлт үүсээд буй. Гэхдээ бодох юм бий.

Өсөлтийг иргдэд төсвөөр дамжуулж хуваарилах бодлого руу орсон ч өсөлттэй зэрэгцээд инфляци айл өрхийн хаалгаар хамт орж ирсэн. Ирэх сараас цалин тэтгэвэр дахиад нэмэгдэх ч үүсгэх инфляци нь сонгуулийн дараа л мэдэгдэхээр буй. Энэ нь цаасан дээр нэг их өндөр өсөлттэй, бодит байдал дээр хуучнаасаа дээрдэхээргүй улс болж хувирах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.    

Бид муугийн, хөрөнгө оруулагчид сайны жишээ болгож ярьдаг Африкийн орнуудаас жишээ авья. Эдийн засаг нь хамгийн их өсөлттэй байсан улсуудын жагсаалтыг 2011 онд Африкийн Гана улс тэргүүлж байв.  

Манайхан байгалийн баялгаа бусдад өм цөмөөр алдсан үлгэр жишээ болгож ярих дуртай “Хар тив”-ийн улсууд ийнхүү эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлон гарч ирсэн нь манай эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн жилүүдтэй мөн давхацсан. Харамсалтай нь, манайх “Чалко”-той байгуулсан алдаагдалтай гэрээний балгаар дэвшил гаргах жилүүдээ алдчихсан юм. Харин Африкийн улсуудын зарим нь энэ хугацаанд өсөөгүй юм гэхэд ядаж л бизнесийн түншүүдээ сольж, цаашдаа ашигтай наймаалцах хөрс сууриа бүрдүүлж ирлээ.   

Ганц жилийн өндөр үзүүлэлт яая гэхэд, сүүлийн 25 жилийн турш нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээ хамгийн их нэмэгдүүлсэн улс орнуудын жагсаалтыг мөн л Африкийн Ботсвана улс тэргүүлсэн гэсэн статистик байна.

Тус улс сүүлийн 50 гаруй жилд ДНБ-ээ 1000 дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ 90 ам.доллараас 19,000 хүртэл 210 дахин өсчээ. 1966 онд 29 мянган хүн цалинтай ажил хийж, 30 мянган  хүн ажил хийхээр цагаачилж байсны 18 мянга нь Өмнөд Африкийн уурхайг зорьж байж. Далайд гарцгүй, хүн ам цөөн гээд манайхтай төстэй нөхцөлд оршдог тус улс уул уурхайгаас олох орлогодоо дулдуйдан энэ их ахиц дэвшлийг хийж чадсан. Үсрэнгүй хөгжлийн гол нууц нь алмааз эрдэнэс, түүнийгээ зөв ашигласных.

Гэхдээ бахдаж сайшаахаа хойш тавиад санаа авчихаар, сургамж болох зүйлсийг хайгаад үзье. Эдүгээ хөрөнгө оруулагчид Ботсванаг хөгжлийн үлгэр жишээ болгон сурталчлахаа азнаад байгаа. Гэхдээ тэглээ гээд манайхан Ботсвана шиг S&P зэрэг агентлагаас А, А+ үнэлгээ авах гээд хөрөнгө оруулалтын орчноо илүү нээлттэй, гадныханд ашигтай болгох албагүй. Дэд бүтэц хөгжлийн үндэс гээд зээл аваад зам бариад байх нь ч утгагүй.

Бостванагийн эдийн засгийн өсөлт гайхамшигтай ч хүртээмжтэй байдлын тал дээр ямар вэ гэдэгт олигтой хариулт алга байна. Сайн судлаад үзвэл эдийн засгийн үзүүлэлтүүдийнх нь дунд ажилгүйдэл 17,0 хувьтай гэх албаны мэдээ байх боловч албан бус мэдээлээр 40 хувь гэсэн дэндүү зөрүүтэй тоо ч цохиж явна. "Баялгийн хараал"-аас зугтаж чадсан гэх тодорхойлолтыг барууны хэвлэлүүд л өгөх хэр нь нийгмийн зөвшилцөл, баялгийн тэгш хуваарилалт шаардсан жагсаал байсхийгээд болдгийг нь мөн адил мэдээлж л байх. Аль нь үнэн бэ гэвэл ард түмний жагсаал нь байлгүй яав гэж.  

Хэрвээ энэ албан бус тоо үнэн бол эдийн засаг нь иргэдээ дэмжиж чадаагүй гэсэн үг билээ. Канад, Австралийн уул уурхайн менежментээр замнахаар сонгож авсан манай улсын хувьд анхаарал хандуулах ёстой бас нэгэн улс бол яах аргагүй Ботсвана мөн юм билээ. Уул уурхайгаас хэт хараат болсныхоо горыг амсч эхэлсэн (төсвийн нийт орлогын 1/3-ыг алмаазны экспорт бүрдүүлдэг), төрийн данхар бүтэцтэй (нийт ажиллагсдын 40 хувь нь төрдөө хүчин зүтгэдэг) гээд манай улсад ажиглагдаж байгаа бас цаашид үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэхэд тус улс сайхан жишээ болох болов уу. Манайхны тойрч гарах ёстой ийм байдалд яагаад орсон гэдэг нь бидний хувьд ил байгаа шүү дээ.         



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна