Олон улсын эрүүгийн шүүх Монголын асуудлыг Ассамблейгаар хэлэлцэхээр болжээ

Х.Батсайхан
2024/10/25

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлахын өмнө олон улсын эрүүгийн шүүхээс манай улсад хандан, гишүүн улсын үүргээ биелүүлэн,  ирэх үед нь баривчлахыг асуудлаар хамтран ажиллах саналыг ирүүлсэн билээ. 

Тэгвэл энэ санал нь биелэгдээгүйтэй холбоотой асуудлыг тус байгууллага Ромын статутыг зөрсөн гэж үзэж, бүх гишүүдийн Ассамблейгаараа хэлэлцэхээр болсон байна. 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сарын айлчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, Монгол Улсад хариуцлага тооцох эсэхийг шийдэх аж. 

ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль Абдаллагийн хэлснээр бол гишүүн улсуудын харилцаа "Римийн статут" гэх баримт бичгээр зохицуулагддаг. Энэ баримт бичигт гишүүн улсууд нь ОУЭШ-ийн захиалгыг заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байж болох ганц, хоёр боломж байдаг аж. Тодруулбал, баривчилгаа нь тухайн улстай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчихөөр байгаа бол, түүнчлэн, баривчилгаа нь гуравдагч улсын төлөөлөгчдийн дипломат халдашгүй эрхийг зөрчихөөр байгаа бол үүргээ биелүүлэхгүй байж болохоор заасан гэнэ.  Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх иймэрхүү, үүрэг хариуцлагаа биелүүлэхээс татгалзсан тохиолдол болгоныг дараа нь нарийвчлан судалж, хариуцлага ногдуулах эсэхээ шийддэг юм байна. Баримт бичиг дээрээ бол хэрвээ зөрчил гаргасан гэж үзвэл уг үйлдлийг гаргасан гишүүн улсынхаа эсрэг ямар ч арга хэмжээ авч болох маш чанга заалттай юм байна. 


Практикаас харвал, тус байгууллагын гишүүн улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байжээ. Жишээ нь, Суданы Ерөнхийлөгч Омар Башир 2015 онд ӨАБНУ-д айлчлаад саадгүй гарч явж байсан.  В.Путин өнгөрсөн жил мөн л ӨАБНУ-д БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох байсан ч ОУЭШ-ээс баривчлах захиалга гаргасны дараа биечлэн очихоос татгалзаж, цахимаар оролцож байв.           

Дээрх бүх нөхцөл байдлыг аваад үзвэл, манай улс нотолж чадвал ОУЭШ-ийн баривчлах захиалгыг биелүүлээгүй ч хариуцлага тооцуулахгүй байх боломж байгаа юм. 

 ОУЭШ нь өөрийн гэсэн ажлын алба, бүтэц байхгүй, шийдвэрийг гишүүн улсын хууль, хүчний байгууллага гардан хэрэгжүүлдэг.  В.Путины тухайд, буруутгагдсанаасаа хойш гадаад айлчлалуудыг олонтаа хийсэн ч ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрдөггүй буюу гишүүн бус улсуудад айлчилж байсан юм. 

Дашрамд, айлчлалын өмнө ч, дараа нь ч хэвлэлүүдэд нэг асуудлыг онцолж байсан нь Монгол Улс зөвхөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг явдал бөгөөд, захиалгыг биелүүлж ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчиллаа гэхэд Хаага руу шилжүүлж өгөх үүргээ биелүүлэх боломжгүй тухай байсан юм. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.234
    2024/10/27

    Путинийг барьвал Монгол улс шөнөдөө үнсэн товрог болох байлгүй. Ха ха ха ха.

    Хариулах
  • 45.117.35.41
    2024/10/27

    ***ПОБЕДА-РО ССИЯ!!!***

    Хариулах
  • 139.5.217.219
    2024/10/26

    Одоо ямар нүүрээрээ НҮБ-ын индэр дээрээс олон юм ярина вэ! Олон улстай харилцахад бидэнд таатай хандах уу!

    Хариулах