Улаанбаатарын захын хорооллуудын нэг болох Зүүнсалаагийн өгсүүр зам даган алхахад “Мод зарж байна аа...” хэмээн чангаар дуудах жаахан хүүгийн хоолой сонсогдоно.
Гаднаас харахад энгийн нэгэн жижиг байшин. Хаяг шошго үгүй ч үүдэндээ өрсөн түлээ мод өрчихсөн, нойлын цаас, гэр ахуйн бараанууд байлаа. Хаалгаар ортол намхан тавиур дээр өрсөн бараануудын дунд буурал үстэй эмээ ач хүүгийн хамт сууж байлаа.
Түүнийг Д.Мөнхдулам гэдэг. Тэрбээр 30 гаруй жилийн турш жижиг наймаа эрхэлж, амьдралаа авч яваа нэгэн аж. Өдгөө тэтгэврийн насандаа хүрсэн ч амьдралын эрхээр ажилласаар байна.
“Түлээ модноос эхлээд нойлын цаас, гэр ахуйн жижиг сажиг юм зарна аа. Тэтгэврийн зээлээ авчихсан болохоор хоногийн хоолоо залгуулахын тулд сууж байна даа” хэмээн тэр инээмсэглэх ч хоолойноос нь амьдралын хүнд ачаа мэдрэгдэнэ.
Жижигхэн өрөөнд түлээ модны үнэр ханхалж, буланд нь ач хүүгийн дэвтэр, харандаа хөглөрнө. Энд наймаа ч өрнөнө, хичээл ч хийнэ, бас амьдрал үргэлжилнэ.
“Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж байна. Амьдрал үнэхээр хэцүү болжээ. Охиныхоо цалинг аваад ганц гулууз мах авахад л бараг дуусах нь. Тийм болохоор 60 гарчихаад зүгээр сууж чадахгүй ажиллаж байна. Овоо босгоогүй ч хоосон хонохгүй, өлмөн зэлмэн 30 гаруй жил явлаа” гэж тэр ярив.
Түүний үгэнд гомдол гэхээс илүү амьдралын хат суусан тайван өнгө мэдрэгдэнэ.
Ач хүү Одбаяр эмээгийнхээ дэргэдээс холдохгүй. Хааяа гадна гарч “Мод авна уу” гэж дуудах ч удалгүй буцаж орж ирээд хичээлээ үргэлжлүүлнэ. Эмээ нь түүнд халуун цай аягалж өгөөд дэвтрийг нь сөхөн харна.
“Ач хүүгээ харангаа ажилладаг болохоор эндээ хичээлийг нь хийлгэнэ. Бид хоёр өдөрт хэд хэд муудалцана аа” хэмээн Мөнхдулам гуай инээж хэлэхэд Одбаяр ч мөн жуумалзана.
Хүүгийн мөрөөдөл энгийн атлаа том.
“Би том болоод цагдаа болно. Эмээдээ машин авч өгнө. Ачийг нь хариулна гэж боддог. Эмээ намайг ер загнадаггүй, дандаа эрхлүүлдэг. Эмээдээ их хайртай” гэж тэр ичингүйрэн өгүүлэв.
Харин эмээгийн мөрөөдөл өөрөөсөө илүү үр хүүхдүүддээ чиглэжээ.
“Хүүхдүүддээ нэг байшин барьж үлдээх юмсан гэж боддог. Гэхдээ хоногийн хоолноосоо хэтрэхгүй болохоор хэцүү юм даа. Цемент, шохойны үнэ хүртэл өсчихсөн. Миний мөрөөдөл ч холдоод байх шиг...” хэмээн санаа алдана.
Тэр өөрийгөө “их зүйл хийж бүтээгээгүй хүн” гэж даруухнаар хэлсэн ч үнэндээ амьдралынхаа турш гэр бүлээ тэжээж, үр хүүхдээ өсгөж, ач хүүгийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр ч хөдөлмөрлөж суугаа нь өөрөө том бүтээн байгуулалт билээ.
Зүүнсалаагийн үзүүрт байрлах энэ жижиг дэлгүүрт орж ирэх хүмүүс түлээ мод, нойлын цаас худалдаж аваад гардаг байж магадгүй. Харин эндээс хамгийн тод үлддэг зүйл нь бараа бүтээгдэхүүн бус, бууж өгөөгүй амьдралын үнэр юм.
Өдөр бүр үнэ өсөж, амьдрал хүндэрч байгаа ч Мөнхдулам гуай өглөө бүр үүдээ нээж, ач хүү нь гадаа зогсон “Мод зарж байна аа” хэмээн дуудах хэвээр.
Тэдний ярианаас нэг зүйл тодорхой сонсогдоно. Хүн амьдралд том зүйл хүсдэггүй юм байна. Үр хүүхэд нь өл хоолтой, толгой хоргодох оронтой, нэгнээ хайрладаг байхад л хангалттай гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна