Их, дээд сургуулиудаа нийслэлээс гаргаач ээ

2017/01/09
Та анзаарсан уу, сүүлийн хэдэн өдөр замын түгжрэл гайгүй байгааг. Өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэхэд нэг цагийн хугацаа зарцуулдаг байсан бол 40, цаашлаад 30 минутад амждаг болсныг анзаараа л байлгүй дээ. Харин яагаад гэнэт замын түгжрэл буурчихав аа гэж үү. Сургууль амарсан болоод тэр шүү дээ.

Нэгдүгээрт, дунд сургуулийн амралт эхэлчихсэн байгаа. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөх гэж эцэг, эхчүүд машинаа асааж аваад давхилддаг байдал багасчихлаа. Хоёрдугаарт, их, дээд сургуулийн оюутнууд амраад явчихаар, хотынх нь гэртээ суучихаар замын түгжрэл тодорхой хэмжээнд буурчихаж байгаа юм.

Ямар ч байсан өглөө ажилдаа ирэхэд зарцуулдаг цаг 20-30 минутаар багасч байна. Энэ бол үр дүн. Ерөөс энэ бодит үр дүнгээс бодоод үзэхэд, оюутнууд шавснаас болж замын түгжрэл багагүй хувиар нэмэгддэг юм байна. Тиймээс их, дээд сургуулиудаа хотоос гаргах цаг болоогүй юу гэж асуух гээд байгаа юм. Их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргана, нүүлгэнэ гэж хэчнээн жил ярьж байгаа. Гэвч одоохондоо ажил хэрэг болчихсон юм алга.

Уг нь хэдхэн жилийн өмнө энэ асуудлыг нэлээд дорвитой ярьж, Налайх дүүрэгт оюутны хотхон хүртэл барихаар болсон. Цэвдэгтэй газар таарлаа барилаа гээд хэсэг баахан хэрэлдсэн. Түүнээс хойш сураг нь тасраад удаж байна.

Үе үеийн эрх баригчид энэ асуудлыг ярьсан болоод л өнгөрдөг, ажил хэрэг болгосонгүй. Гэтэл оюутнууд амраад явахад л замын түгжрэл ямар хэмжээгээр буурч байгаа нь нүдэн дээр мэдрэгдэж л байна шүү дээ. Хэрвээ их, дээд сургуулиудыг хотоос гаргаж чаддаггүй юм бол хөдөө орон нутагт салбарыг байгуулах хэрэгтэй шүү дээ. МУИС-ийн салбар гэхэд Эрдэнэт хотод байдаг.

Дархан, Эрдэнэтэд зарим сургуулийн салбарууд байгаа. Түүнтэй адил баруун, зүүн, говийн аймгуудад ч гэсэн нэг нэг салбартай баймаар байна. Тэгээд тэр бүс нутгийнхаа хүүхдүүдийг сургадаг байвал яасан юм бэ, энэ чинь. Яахав, хөдөө орон нутагт байгаа салбарт нь элсэх хүүхдүүдийн босго оноо энэ тэр нь жаахан бага л байна биз.

Хот руу ирэх хүний ачаалал дарамтыг багасгаж л байвал жаахан наанатай цаанатай байхад яадаг юм. Нөгөө талаар Ерөнхий боловсролын сургууль амрахад бас замын түгжрэл нэлээд хувиар багасч байгаа. Энэ чинь эцэг, эхчүүд машинаараа хүүхдээ хүргэж өгөх гээд л зүтгээд, хаа сайгүй давхиад байгаатай холбоотой шүү дээ.

Уг нь замын түгжрэл, өглөөний ачааллыг бууруулах зорилготой ажил, хичээл сургуулийн цагийг бага сага зөрүүлсэн санагдана. Гэхдээ л тэглээ гээд ачаалал буураагүй. Түүний оронд сургууль болгоныг автобустай болгох чиглэлд анхаараач ээ. Нэгдүгээрт, замын хөдөлгөөний ачааллыг бууруулна.

Хоёрдугаарт, холоос явдаг, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн аюулгүй байдалд ч хэрэгтэй. Өнөөдөр зам тээврийн ослоор жилдээ хэчнээн хүүхэд нас барж байгаа билээ. Элэг эмтрэм тоо сонсогдож байгаа. Тэр асуудлыг ч гэсэн сургуулийн автобус шийднэ шүү дээ. Манай дарга нар баярлах цэнгэх, идэж уух, элдэв хамтлаг эрхлүүлэхдээ мөнгө харамлахгүй “цадаад” байгаа. Тэгсэн мөртлөө энэ мэт нийгмийн асуудалдаа болохоор өөрийнхөө халааснаас мөнгө гаргах гэж байгаа юм шиг л горойхыг яана.

Ажлаа олигтойхон хийгээч ээ. Зоригтойхон шийдвэр гаргаад, шийдэл олоод ажиллаад өгвөл энэ хэдхэн хүнийг бухимдалгүй амьдруулж болмоорсон доо.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Н.Пунцагболд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна