С.Зоригийн хэргийн захиалагчийг тусгаарлан шалгаж байна

2017/01/09
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-нд шийдвэр гарсан байна. Шүүхээс шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар яллаж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон. Хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа олон нийтийн сүлжээнд захиалагчийг нь зарлаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр үнэн бодитой гарсан нь эргэлзээтэй гэх шүүмжлэл өрнөсөн. Харин прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар албан ёсны байр суурийг илэрхийлж, С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон этгээдүүдийн гэм буруутайг нотолсон гэжээ. Тодруулбал Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө захиалагчийн хэргийг тусгарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Захиалагч нь тодроогүй байхад хүнийг захиалгаар алсан гэж ял оногдуулж болдог юм уу гэх ойлголт сошиалаар яваад байна л даа. Гэнэтхэн л захиалагчийг хайгаад эхэлсэн юм бишээ. Хэргийг бүхэлд нь тал бүрээс нь шалгаад "захиалгаар алсан" гэдэг нь нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх "тогтоогджээ" гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан. Харин захиалагч, зохион байгуулагчид холбогдох хэрэгт нэмж шалгах зүйл байгаа учраас тусгаарлан шалгаж байна” гэх тайлбарыг хийсэн байна. Прокурорын байгууллагаас хийсэн мэдээллээр захиалсан, зохион байгуулсан гэх үйлдэлтэй эрүүгийн 201601000212 дугаартай хэргийг тусгаарлан, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Түүнчлэн ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шуурхай шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор Энх-Амгалан өгчээ. Ямартаа ч С.Зоригийн хэргийн захиалагч хэн болох нь удахгүй тодорч, шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь гэх хүлээлт үүсээд байна.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна