Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Ононг 2015 оны сүүлээс шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Харин АТГ-аас 2016 оны тавдугаар сард албан ёсны цахим хуудастаа Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлж байсан юм.
Удаан хугацаанд шалгагдаж, шүүхийн шатанд ирэлгүй удаж, олон нийтийн анхаарлаас холдсон уг хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эрүүгийн хуулийн 270.1.2-т заасан "Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон” гэх үндэслэлээр буруутгаж байна.
Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5-10 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-8 найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.
Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзжээ.
Мөн Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр, Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, ө“Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашин зэрэг үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийнхөө санхүүгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна