“Сөүл” группын ерөнхийлөгч Д.Өнөрболор гэх эмэгтэйн тухай мэдээлэл хэвлэлээр гарах нь олширчээ. Энэ үзэгдэл МАН-ыг сайдын суудлаа хуваах үеэс эрчимжиж “Сөүл группын ерөнхийлөгч Д.Өнөрболор гэж хэн бэ” гэх гарчиг бүхий нялуун үгтэй нийтлэлийг нэлээд олон мэдээллийн сайтад төлбөртэй нийтлүүлж байв.
Тус нийтлэлд “Тэрээр барилгын салбарыг хөгжүүлэх, орчин үеийн ололт амжилт, шилдэг технологи, ноу хау-г Монголд нутагшуулах, гишүүн компаниудыг чадавхжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудалд санаачлага гарган, манлайлан ажилладаг” гэх зэргээр харамгүй магтжээ.
Ингэж магтсан нь учиртай. Тэрбээр тухайн үед Барилга хот байгуулалтын дэд сайдын суудалд горилж байсан юм. харамсалтай нь түүний хувийн амьдралтай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр идэвхитэй явж, сайд болох санаархал нь ч талаар болсон. Гэвч тэрбээр зүгээр суусангүй. Олон нийтийн дундах сөрөг ойлголтыг өөрчлөх дараагийн PR-аа “Танайд хоноё” нэвтрүүлгээр үргэлжлүүлэв.
Нэвтрүүлгийн сценараа эртнээс бодож төлөвлөсөн нь илт. Нэвтрүүлгийн үеэр тус нэвтрүүлгийн сэтгүүлч Г.Алтантүрүүгийн эхнэр нь амаржихаар өвдөж, түүний хамт төрөх эмнэлэгт ирнэ. Энэ нэвтрүүлэг ч үр лдүнгээ өгч, бичлэг нь олон нийтийн сүлжээнд нэг хэсэгтээ л од болоод авсан. Энэ бүхэн эрхэм хатагтайд хангалтгүй байгаа бололтой. Түүний гэр бүл, хувийн амьдралын тухай мэдээлэл хөвөрсөөр л байна.
Grandnews.mn сайтад “Зайсангийн тэргүүн хатагтайг цаламдсан хархүү” нэртэй мэдээ нийтлэгджээ. Тус мэдээнд “Д.Өнөрболорын тухайд хувийн амьдралаа ч хийгүй төвхнүүлсэн нэгэн. Намтар сөхвөл говь нутгаас гаралтай охин МУИС-ийн Олон улсын харицлааны сургуулийн солонгос хэлний ангийг дүүргэн Солонгосын компанид орчуулагчаар орж амьдралын гараагаа эхэлж байж. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах “Туяа” буюу одоогийн “Сөүл” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли хэмээх эрхэмд бүсгүй бүх талаар таалагдаж хамтран амьдарч эхэлж. Орчуулагчаас барилгын том компанийн гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бүсгүй элит хотхонуудыг ёстой талх шиг зарж амжилт олсныхоо дараа элэг нэгт монгол залуутай сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн нь Ганбаяр хэмээх энэ залуу ноёнтон.
Солонгос эрхэм ч түүний чин хайр сонголтыг хүндэтгэн зайгаа тавьж өгсөн нь орчин цагт ховордсон түүх” гэх зэргээр үргэлжилнэ. Залуу удирдагч, хүний сайн хань, сайхан ээж гэх имиж бүрдүүлэхийг ихэд хичээж яваа Д.Өнөрболорын цаад санаа зорилго нь чухам юу вэ?
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна