Ц.Оюунбадам: Бухимдал муу энерги дагуулдаг учир зайлсхийх хэрэгтэй

2017/01/09
-Ямар ч муу явдалтай учирсан сайн талыг олж харахыг хичээ-

Ажлын ширээний ард ачаалалтай ажиллах, аль эсвэл ар гэрийн асуудлаас болж өдөржингөө уурлаж, бухимдах явдал бидэнд цөөнгүй тохиолддог. Харин бүхнийг хэрхэн даван туулж, ялан дийлэх тухай бараг бодож байгаагүй байх. Тиймээс алжаал ядаргаагаа хэрхэн тайлж, уур уцаараас яаж салах тухай дараах зөвлөгөөг хүргэж байна.

Энэ талаар Гэр бул судлаач, сэтгэлзүйч Ц.Оюунбадамаас асууж тодрууллаа.

-Зарим хун уурласан үедээ өөрийгөө хянах чадваргүй болчихдог. Харин зарим нь “Хамаг бие салгалаад, зүрх өвдөөд” гэдэг. Уурлаж уцаарлах нь сэтгэлийн хөдөлгөөн үү, аль эсвэл өвчин үү?

-Уурлаж уцаарлах, амархан стресст орох нь бие махбодьтой биш сэтгэл санаатай холбоотой. Уур уцаарыг “ямар нэг нөхцөл байдал, үйл явдлаас болж сэтгэлд мэдрэгдэх хурцадмал байдал” гэж тодорхойлдог. Уур уцаар гэдэг нь маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн хямралаас шалтгаалан өөрийгөө хянаж чадахаа больж, үүнийгээ хашгирах уйлах, инээх зэргээр илэрхийлж байгаа хүний байдал юм.

Ер нь ууртай байгаа байдлыг мэдрэлийн өвчинтэй андуурахгүй байх хэрэгтэй. Мэдрэлийн систем нь тогтворгүй байгаа хүнийг мэдрэлийн өвчтэй гэдэг. Энэ байдлаас болж бие махбодио хянаж чадахаа больж, өвчинд хүргэдэг. Ийм өвчтэй хүний алхаа гишгээ эв хавгүй болж, амархан хөөрч, сэтгэл санааны тогтворгүй байдалтай болдог. Ихэнхдээ энэ бүх шинж зэрэг илэрдэг. Уурлаж уцаарлах нь тодорхой нэг өвчин биш.

-Тэгвэл хувь хүний хүмүүжилтэй холбоотой юу?

-Тийм байж болно. Энэ нь ихэнхдээ бага насаа хүнд хэцүү орчинд өнгөрүүлснээс үүдэн насанд хүртэл үргэлжилдэг муу зан юм. Нийгэмд энэ байдлыг эерэг тал мэт хүлээн авч, хүмүүст бахархмаар байдал мэт үзүүлж, кино найруулагчид энэ зорилгоор дүр бүтээж байвал уур уцаартай байдал нь архидан согтуурах шиг нийгмийн өвчин болно.

Угаас мэдрэлийн системийн хамгийн хүчтэй илэрдэг онцлог нь өөрийн мэдрэхүй болон хувийн шинж чанараа хянах чадваргүй болдог. Хүний тархины үйл ажиллагааны дээд хэлбэрийн энэ цогц үйлдэл нь хүнийг итгэл үнэмшлээ үл хайхран, өөрийн зуршил, хэвшлээ дагахад хүргэдэг бөгөөд үхэлд хүргэх ч аюултай.

-Сэтгэлзүйгээ хянах, стресст орохгүй байх арга бий юу?

-Байлгүй яахав. Хамгийн үр дүнтэй арга нь хүнд ямар ч асуудал тулгарсан сайн өнцгөөс харж сурах чадварыг хөгжүүлэх. Ингэж харж сурсан хүн хэзээ ч уур уцаарт автаж эрүүл ухаанаа гээдэггүй. Харин энэ чанар нь өөрөө эрүүл саруул, амжилттай ажиллаж амьдрахад голлох нөлөө үзүүлдэг. Жишээ нь чи ямар нэгэн эд зүйлээ хулгайд алджээ гэж бодъё.

Тэгвэл юуны түрүүнд уурлаж уцаарлан, орилж хашгирахгүй байх хэрэгтэй. Энэ нь тэр хүнд хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Байгалийн хуулиар хэзээ нэгэн цагт тэр хүн үүнийхээ хариуг хүртэнэ гэж бодоод аль болох тайван, хүлээцтэй хандах хэрэгтэй. Ямар ч муу явдалтай учирсан сайн талыг олж харахыг хичээ. Ингэж оюун ухаанаа сургуулилж чадвал ямар ч үед эрүүл саруул ухаанаар сэтгэж чадна.

Хэрэв өвдөж байгаагаа мэдэрвэл эм уух гэж бүү яар. Эм гэдэг нэг талаас хор байдаг. Иймд эмгүйгээр сэтгэл зүйн талаас өөрийгөө эмчлэхийг оролд. Бие организм цэвэрлэгдэнэ. Агаар, салхинд гарч, спортоор хичээллэхэд бие махбодь сэргэж, сэтгэл санаа өөдрөг байхад тустай аргыг хэрэглэ. Битгий уурла. Бухимдал, хэрүүл тэмцэл болгон муу энерги дагуулж байдаг. Энэ нь хүнийг өвчлүүлэх магадлалтай.

Амьсгалын замын тусламжтайгаар бодол санаагаа тайвшруулах, бие организмын бүх ажиллагааг хэвийн болгож болно. Бясалгал маш үр дүнтэй аргуудын нэг.          


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна