С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг оны өмнөхөн шүүхээр шийдэгдсэн юм. Энэ хэргийн гүйцэтгэгч болж анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайн УИХ-ын гишүүдэд бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Л.Жавзмаа гуай өөрийнхөө захидалтай цуг Ц.Амгаланбаатарын тухай өргөмөл эгч Гансүрэнгийн тодорхойлолт болон анх гарсан цагаасаа арваад жилийн хойно, өдгөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээ далдлахын тулд дөрвөн хүний амийг хөнөөсөн хэмээн сөхөгдсөн галын хэргийн талаар нотломж, актыг тус тус хавсаргасан байна.
Та өөрөө уншиж чин үнэнийг ойлгоорой!
Таны энэ өдрийн мэндийг эрж ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу/19/ багийн иргэн өндөр настан, Алдарт эх Жавзмаа гэдэг хүн байна. Би нөхрийн хамт 1970 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Нөхөр маань Булган аймгийн Хангал сум. Би өөрөө Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумын хүн. Мал зүйч мэргэжил эзэмшээд Төв аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар, Борнуур, Баянчандмань сангийн аж ахуй, мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Орхон аймгийн А.Д.Х захиргаа, Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн тасаг, Хүнс, Хивсний комбинатад мэргэжлийн дагуу ажиллаж байгаад 1990 онд ардчилал ялж, Сангийн аж ахуй, нэгдлүүд задарч, мал аж ахуй, газар тариалангийн ажил зогсонги байдалд орсон үед 1991 онд мэргэжлээ ашиглан Увс аймагтаа сүү, ноосны хавсарсан фермерийн аж ахуй байгуулж олон мянган литр сүү цагаан идээ, олон тонн төмс хүнсний ногоог Эрдэнэтийн хөдөлмөрчдийн хүнсний хангамжинд нийлүүлж, зохих үр дүнд хүрч байсныг аймаг, хотын удирдах хүмүүс болон удирдлага үнэлж байсан болно.
Тухайн үед хавар 3-р сарын 20-ноос эрт ургацын байцааны үрсэлгээ гаргах, 5-р сарын эхнээс эхлэн хүнсний ногооны үр тариалалт эхлэх, төл бойжуулах, хүнсний ногоо, сүү саалиа борлуулах, мал бэлчээх, хариулах, зундаа ногооны зэрлэг устгах, бордох, манах, услах, намар 8-11 сар хүртэл хадлангаа авах, хашаа саравч бэлтгэх гээд өвөлжилтийн бэлтгэл хангах, төмс хүнсний ногоогоо хураах, сэврээх, зоорилох, борлуулах гээд ёстой борив бохис хийлгүй хөдөлмөрлөж байсан. Энэ үед гол хүч тулгуур болж байсан хүн маань миний хүү Содномдаржаа юм шүү. Хүү Б.Содномдаржаагийн маань 10 сараас 11 настай 4 нялх хүүхэд эхнэр нь амьдарч байна. Амин зуулгыг бүрдүүлж тэжээдэг ганц хүн нь байхгүй болохоор эд нар нь арай ядан амьдарч, их л хэцүү байх юм даа.
2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан байх юм. Манайх 1991 онд тэр хүүг 9 настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон .
Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг “Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд “Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв.
Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй юмаа. 2015 оны 8-р сарын 31-ний өглөө 09 цаг орчимд хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогсоход хүү маань ямар хүмүүс манайд ирдэг билээ гээд очтол форм бүхий 6 мундаг эр яах ийхийн завдалгүй гавлан дан футболктой нь машинд чихэн оруулж хааш нь ямар хэргээр авч явааг ч гэрийнхэнд нь мэдэгдэлгүй авч явсан юм.
Үдээс хойш 14 цаг өнгөрч байхад зарим нь нүүрэндээ хар маск баг зүүсэн 12-14 хүн ирж гэрт нь хүн оруулахгүй нэгжлэг хийж, нөгөө 28 хуудас мессеж, зургийн альбом гар утас зэргийг хурааж авсан болно. Эхний дөрөв хоног хүүг маань хаана аваачсан нь мэдэгдэхгүй байсан учир Эрдэнэтийн болон хотын бүх шоронгоос асууж сурагласаар эцэст нь Төв аймгийн 461-р хорихт очиж асуухад байгаа, байхгүй гэж уймруулсаар сүүлд нь нэг юм байгаа гэж мэдсэн юм.
Энэ хэрэг тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг ашиглаж ТЕГ жүжиг найруулсан жинхэнэ улс төрийн аллага хийсэн хүмүүсийг хаацайлан энгийн иргэн хүүг маань дарамтлан гүтгэж хэргийг займчуулан булзааруулж тохон хүлээлгэх маш муухай арга сэдэж байгаа гэж би үзэж байна.
Сүүлийн үед энэ асуудлаар би сонин хэвлэл, сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал хүртэл хийлгэлээ. Монголын ард түмэн бүгд ойлгож, энгийн ардыг битгий хэлмэгдүүлээч гэж хэвлэл, телевизээр өдөр тутам мэдээлсээр байна.
Хүү маань Эрдэнэтэд 7 настай ирсэн. Эндхийн сургуулиудад боловсрол эзэмшиж бараг Эрдэнэт хотоос гарч үзээгүй, тэр С.Зоригийг алагдах үед 22 настай байсан. Хот ч орж үзээгүй юм.
Сүүлийн үед засаг төрөөс дэмжиж байсан жижиг дунд үйлдвэрийн асуудалтай холбогдуулан хоршоолол аж ахуй байгуулж блокны цех, машин засварын газар, угаалга, бусад зүйлс үйлдвэрлэхтэй холбогдуулан барилга, төхөөрөмж барих, бэлдэх ажил хийж байх яг тэр үед нь хамаг ажлыг нурааснаар барахгүй Монголын ирээдүй болсон энэ олон нялх үр садад нь сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн маш хүнд дарамт үзүүллээ.
-Хүүг маань баривчилсан эхний долоо хоногт аймшигтайгаар дарамталж “1937, 1938” оны их хэлмэгдүүлэлт шиг элдвээр тарчилгаж, хэрэг үүсгэх хүлээлгэх гэж гарын үсэг зуруулах, өмгөөлөгчгүйгээр байцаалт авах, Амгаланбаатараар дарамтлуулах, тэр ч байтугай гэрчүүдийг хүртэл хэлүүлэх, сандал өргүүлэх, суух босгох зэргийг хийж байсныг мэднэ. Айл аймаг болсон жинхэнэ манайхыг мэддэг, хариуцлагатай хүмүүс мэдүүлэг өгөхөөр тэдний мэдүүлгийг хүчингүй, тэрнийг хүлээж авахгүй гэсэн бичиг хүртэл ирж байсан. Тагнуулынхан тэр ялтан Амгаланбаатарыг өнгөрсөн өвөл хар машинтай дагуулж Эрдэнэтэд зугаацуулж, нөгөөх нь Зоригийг алсан хутгаа гэрийнхээ хашаанд муу усны нүх, жорлон руу хийсэн гэж хоёр өдөр хөлдүү баас шээс ухуулж юу ч олоогүй юм.
Эрдэнэт ирээд гэрийнхэндээ “Та нар намайг Зоригийг алсан гэж хэл гээд ширээ шаан айлгаж сүрдүүлж байсан болно. Тэгэхэд тагнуулынхан мөн л хамт явж байсан. Мөн 2006. 12. 21 буюу талийгаач С.Зоригийн амь нас хөнөөгдсөнөөс хойш найман жилийн дараа болсон явдлыг сая нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар тушаал дэвшихдээ, “С.Зоригийг хөнөөсөн хэргээ булзааруулах гэж айл шатаан дөрвөн хүний амь хохироосон” гэж огт үндэсгүй юм хэлж ичих ч үгүй Их хурлын гишүүдэд танилцуулсан байгаа юм даа. Арай ч дээ чааваас !!!
Энэ айл нь 2006 онд шатахдаа нөхөр нь 70 хувь, эхнэр нь 40 хувь согтолттой, халуун тогоо ажиллуулж байгаад унтсан, цахилгаан ашиглалтаас гал гарсан юм билээ.
Гэтэл “Би энэ айлыг шатаасан, Чимгээ, Содномдаржаа хоёр байсан” гэж нөгөө Амгаланбаатар хэлсэн байна билээ. Монголын тагнуулын байгууллагын дарга нь нөхөр Б.Хурц, түүнтэй эвсэн нийлж ая тал авагч Монголын Ерөнхий прокурор Энх-Амгалан, Улаанбаатар хотын прокурор Амгаланбаатар, хяналтын прокурор Батжаргал гээч нөхдүүд энэ хэргийг үнэнээр нь олохын оронд олон жилийн буюу 18 жилийн дараа хийсвэр жүжиг найруулж, жинхэнэ зохион байгуулсан гэмт этгээдүүд нь хэргийг булзааруулж энгийн ардад тохон бүрмөсөн хаах оролдлого хийж байгааг шударга шүүгч та минь үнэнээр нь ойлгож хүүгий маань авран хамгаалж өгөхийг ариун цагаан сүүгээрээ, эх хүний сайхан сэтгэлээр чин сэтгэлээсээ хүсэн гуйя.
Таныг хүндэтгэсэн Баян-Өндөр сум, Их залуу /19/ багийн иргэн Л.Жавзмаа
2017 оны 01 сарын 02.
Танд бас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтод явуулсан захидлыг хамт явууллаа.
Та уншаарай.
Тайлбар: Тэр ялтан Ц.Амгаланбаатар хэлэхдээ Эрдэнэтэд дөрвөн ам бүлтэй айлыг би шатаасан, Содномдаржаа хашааны хаалганы тэнд зогсож байсан гэж мэдүүлсэн. Тэр айл цахилгаанаас болж шатсаныг тогтоосон актыг хавсаргав. Ингэж нэг хэрэгт дайвар болгож бас хэрэг тохож гүтгэлэг хийж байна.
Цэвэлмаагийн Амгаланбаатарын тодорхойлолт
Ц.Амгаланбаатар 1982 оны 10-р сарын 20-нд 5 сартай байхад нь Цэвэлмаа гуай эх хүний сайхан сэтгэлээр өргөн авч өсгөсөн. Хүү багадаа хөөрхөн ааштай байсан бөгөөд том болж дэггүй шар банди болжээ. Хүү 2000 оноос эхлэн гэр орныхоо эд зүйлүүдийг хулгай хийж зарах, тамхи татах, үе үе архи уух, охидууд авчирч гэртээ хонох, ээжийнхээ хэдэн үхрийг зарах, таньдаг хүмүүсийг хуурч мэхлэх зэрэг үйлдлүүдийг хийдэг болсон.
Энэ үед нь цагдаад хэлж баривчлуулдаг боловч мөдхөн гаргаад явуулдаг байсан. 2005 оноос хойш ааш зан нь улам ширүүсч ээжийн гэрийг зарж гадуур тэнэж архи уух нь ихэсч, ах дүүгээ айлгаж сүрдүүлж, үзэхээ байж янз бүрийн авир гаргаж дээрэлхдэг болсон.
2007 онд эмэгтэй хүний хөлийн хурууг хөлдөөсөн хэргээр мөрдөнд орсон. Мөрдөнд байх хугацаанд хүний амь санаатайгаар хөнөөсөн хэргээ өөрөө хүлээж Эрдэнэт хотын шүүхээс цаазын ял сонсож байсан боловч тэр үед Ерөнхийлөгчийн зарлиг гарч Дээд шүүхээс 25 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлж, Дарьт гэдэг газар байсан. Одоо ялнаасаа есөн жилийн ялыг нь эдэлж явна. Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд байсан сурагтай. (2013 онд авчирсан байдаг)
Энэ хэрэгтэнг 2013 оны сүүлчээс хаана хаана байгааг мэдэхгүй
Өргөмөл эгч Гансүрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна