Энэ жилийн чөлөөт бөхийн УАШТ сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн. Тус тэмцээний үеэр мэргэжилтнүүдийн төдийгүй бөх сонирхогчдийн анхаарлыг 18 настай Т.Тулга татаж байлаа.
"Арслан" клубийн Ази тивийн өсвөрийн аварга тэрбээр эрэгтэйчүүдийн 61кг-ийн хүчтэй өрсөлдөгч ОУХМ Т.Түвшинтулгыг 6:0-ээр ялж шигшээд шалгарсан.
Финалд дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очиртой эн тэнцүүхэн барилдаж 4:4-өөр ялагдсан юм. Ирээдүйтэй тамирчнаар зүй ёсоор нэрлэгдээд буй Т.Тулга 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 57кг-д хүрэл медаль хүртсэн бол энэ жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө УАШТ-нд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Хэр удаан энэ төрлөөр хичээллэж байна вэ?
-Баярлалаа. Финалд клубын ахтайгаа барилдсан ч туршлага дутаж хожигдсон. Миний хувьд 2009 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. Дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс, Пүрэвбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Том тэмцээнүүдэд оролцохдоо хэр сандарч байна вэ?
-Гайгүй шүү. Энэ жилийн УАШТ-нд өөртөө их итгэлтэй орсон.
-Өөрийн мөрөөдөл, зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу?
- Эх орноо төлөөлөх Олимп, дэлхийн аварга болох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөртөө том зорилго тавиад явж байна. /инээв/
-Ойрын үед оролцох тэмцээн байгаа юу?
-Энэ сарын 18, 19 нд Иранд нэг тэмцээнд оролцоно. Бэлтгэлээ базааж байна.
-Амжилт хүсье.
-Баярлалаа.
Г.Сар
Сэтгэгдэл бичигдээгүй байна