Монгол адууны тухай сонирхолтой 14 баримт

2017/01/11
(Диссертацийн товчлол)

1. Монгол морины өвөг гэж андуурагддаг Пржевальскийн адууг нээсэн гэгдэх Н.Пржевальскийг төдийгүй уг адууг өөрийг нь И.В.Сталины эцэг гэж тооцдог үнэмшилтэй үндэслэл бүхий таамаг байдаг.

2. Хүүхдээ олигтой хүмүүжүүлж чадахгүй байж зарим нэг этгээд сууцанд нохой тэжээж, моринд овъёос өгөх нь түгээмэл.

3. Хүний наймаа, морины хулгайг огт тоодоггүй монголчууд морийг худалдаад ирэхээр их эмзэглэдэг.

4. “Төрийн сүлдэндээ морин эрдэнээ залсан” гэсэн түгээмэл бахархалтай монголчууд төрөө ч, сүлдээ ч, тэр бүү хэл, морио ч дээдэлдэггүй бөгөөд уруу дорой нэгнийгээ “морь” хэмээн цоллодог.

5. Моринд хайртай монголчууд умс хитайнд мөн дуртай төдийгүй харьяа ястны “каз” хэмээх идээнд нугасгүй.

6. Их эртний Моодун шаньюй бусдад морио өгөөд газраа харамласнаараа алдаршсан бол яг одоогийн Миэдүн шаньюй бусдад газрууд өгөөд морио харамласнаараа илүү алдаршжээ.

7. Монголын яруу найргийн 64,3 хувь, нийтийн дууны 61,5 хувь нь морьтой холбоотой бөгөөд тав болон дөрвөн талтай тэмдэг бүхий урлаачийн гуншин эзэмшигчдийн 72,1 хувь нь энэ амьтантай холбоотой уран бүтээлтэй. Морины тухай дуу хийх нь Ленин багшийн дүрийг сүглэхээс ч илүү хялбар шаблонтой болсоноороо гайхамшигтай.

8. Нэгэн томоохон эрх баригч намд (нэрийг нь хэлээд яахав) сэтэртэй болох үндсэн шалгуур нь “морь уядаг” байх явдал ч юм уу... эсвэл морь нь давхиад ирэхээр сэтэр горилогч чухам тэр намд татагдаад ирдэг ч юм уу... за, бүү мэд ээ.

9. Мориний уралдааныг уран яруу тайлбарлаж алдаршсан яруу найрагч морины эд эрхтэнээр хийсэн нэмэлт бүтээгдэхүүнийг тайлбарлан, сурталчлах болсон нь диалектикийн парадокс.

10. Зөвхөн моринд тариа тарихаас биш ургадаг тариа огт тарьдаггүй тариаланч нөхөр тариаланчдын төлөө хамгийн цуутай тэмцэгч болсон тохиолдол бий.

11. Энэ цагийн хамгийн танигдмал философич монгол морины хамгийн түгээмэл цол, гуншин бүхий нэрийг эзэмшдэг бөгөөд (үүнийгээ дагаад-?) сайн азаргатай ижил дэл үстэй байх нь сонин. Дараагийн зүйл заалт зөвхөн энэ философич уншихад зориулагдсан бөгөөд бусдад нь хатуу хориотой!!!

12. Сайн байна уу, Молор-Эрдэнэ ээ?

13. “Хийморь лундаа” гэж хэрэглэх нь “соль давс” гэж ярихтай яг ижил.

14. Заримдаа бид утаснаасаа бүү хэл Вьетнамаас буцаж ирсэн морьноосоо тэнэг болчих юм даа.

ЖИЧ: Зэрэг горилогч бээр ямарваа нэг эрлийз, хурлийз биш (одоохондоо) бөгөөд 1970, 80-аад оны заагаар Цэгээн халзан хэмээх алдартай хурдан хүлэгтэй байсан болно (нээрээ). Түүнээс хойш морь, хүүхэд тарих үйлстэй холбогдоогүй болно.

ГУЧ: 10-р зүйл заалтанд эмзэглэсэн тариаланчид: “Нээрээ, та тариа тарьдаггүй юм гэж үү?!!”

ДӨЧ:
Ном зүй
Ж.Барамсай. “Үхэр бол амьд амьтан мөн”
В.Войнович. “Цэрэг Чонкины адал явдал”
Б.Цэнддоо. “12 боть бүрэн эмхэтгэл”

Б.Бадрал


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна