“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд манай сайтад хандсан юм. Тэд Б.Сэржмаа нь “Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Б.Сэржмаа нь “Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх.
“Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь “Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн ч Монголын компаниудад энэ эрх хаалттай байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
“Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн ажилтан С.Сайнсүрэн нэгэнтээ “Манайх үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгай бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлогын дагуу Өмнөговийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийг тендерийн техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаадын ангиллын ханган нийлүүлэгчээс илүү давуу эрхтэйгээр сонгохыг зүйлчлэн заасан байдаг бөгөөд үүний дагуу худалдан авалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” хэмээн ярьсан ч энэ нь бодит байдал дээр өөр байж таарлаа.
Түүнчлэн мэргэжилтэн Б.Сэржмаа нь “Global welding” гэх компанид ч мөн бараа нийлүүлэх эрхийг олгосон талаар эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Оюу толгой” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийгээд ажиллаж байгаа Монголын компанийн бүтээгдэхүүнийг давхар гадны компани нийлүүлж буй тохиолдол ч гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын компани нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гадны компани үүнийг нь давхар нийлүүлж байна гэсэн үг.
"Мэргэн чадвар” буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор эдгээр асуултад хариулт авахаар “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай холбогдох гэсэн ч боловч бүтсэнгүй. Учир нь түүний хувийн утас салгаатай байсан бөгөөд компанийнх нь 11-331880 дугаарт залгаж, дотуур утсаар нь холбогдсон ч утсаа аваагүй юм.
Улмаар “Оюу толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ц.Ганзоригтой холбогдож, асуудлаа танилцуулахад “Б.Сэржмаа мэргэжилтэнтэй тендер л биш бол өөр асуудлаар харилцах боломжгүй. Надад и-мейл бичих хэрэгтэй. Бид түүнийг цааш нь дамжуулна. И-мейлийн хариу хэзээ өгөхийг бид судалж байж болно” гэх асуултыг өгсөн.
Эндээс харахад, Монголд үйл ажиллагаа явуулж, Монгол Улс 34 хувийг эзэмшдэг “Оюу толгой” компанийн ажилтнуудтай холбогдоход амьд харилцаа хаалттай байдаг аж. Тиймээс бид "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас эдгээр асуултад хариулт өгөхийг хүссэн юм.
Түүний хувьд өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 12-ноос "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажлаа аваад удаагүй байхдаа “Одоогийн байдлаар 600 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын компаниуд “Оюу толгой”-д нийлүүлж байна. Жар гаруй хувийг нь ил уурхайд, 40 орчим хувийг нь далд уурхайд нийлүүлдэг гэсэн статистик бий. Цаашдаа Оюу толгой төслийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад Монгол компаниудыг илүү оруулах чиглэл барьж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан.
Тиймээс ч бид “Оюу толгой” компанийн Монгол талын захирлаас худалдаа авалтын менежертэй нь холбоотой асуудал болоод “Оюу толгой”-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Монголын компаниудын мэдээлэл авахаар холбогдоход “Би говьд байна. Би энэ талаар сайн мэдэхгүй. Чи мэдэж байгаа өөр хүнтэй холбогд” гэх хариултыг өгсөн юм. Үндсэндээ “Оюу толгой” компанитай холбоотой асуудал монголчуудад хаалттай байдаг бололтой.
Уг нь “Оюу толгой” компани тендерийн материалаа ил зарладаг ч хөшигний ард гадны компаниуд тендерт шалгардаг, түүнчлэн зарим төрлийн тендерийн талаар http://ot.mn сайтдаа зарладаггүй болохыг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг Монголын бус гадны компанийг дэмждэг, гадны компанитай гэрээлэхдээ зарладаггүй болохыг хэлж байгаа юм.
Тиймээс бид “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-т шалгуулъя гэх асуудлыг хөндөж байна. Түүнд гадны компанийг дэмжих ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага байгаа юм. Мөн Б.Сэржмаа дээрх “Мэргэн чадвар” болон “Global welding” компанитай ямар холбоотой вэ. Түүнчлэн "Эрдэнэс Оюу толгой" ХХК-аас энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсныг дуулгая.
Г.НАРАН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна