Д.Энхбат: Юу хүсч байгаагаа мэдэхгүй хүмүүст мөнгө, эрх мэдэл тус болохгүй

2017/01/11
“Датаком”-оор овоглогддог Д.Энхбатын хөгжлийн тухай яриаг сонсох боломж олдсон юм. Мэдээллийн технологиор “занималддаг”, маш шинэлэг сонсогддог энэ эрхэм яг л Д.Бямбасүрэн, П.Жасрай гуай нар шиг социализмын үед Статистикийн төв газар, Улсын Төлөвлөгөөний комисст ажиллаж байсан гэхээр сонин санагдана. Аав нь өмнөх нийгэмд Эвлэлийн Төв хорооны дарга явсан Н.Дангаасүрэн гуай. Ингээд Д.Энхбатын яриаг тоймлон хүргэж байна.
-Өнөөдөр муу талаас нь харвал систем задарсан, төрд нэгдсэн бодлого алсын хараа байхгүй, бизнес төслөө нийлүүлээд хөгжлийн бодлого гэж хараад байна.

Сингапурыг хөгжүүлэхэд хамгийн хэцүү юм юу байсан бэ гэж асуухад Сингапурын эцэг гэж алдаршсан Ли Куан Ю “Барилга байшин барихад амархан, хүмүүсийг өөрөөр сэтгэж сургахад хэцүү. Хөгжсөн орны хүмүүс шиг бодож сургахад амаргүй байсан” гэж хариулжээ.

Бээжинд сууж байхад хажуугийн ширээнд гурван шар толгойтой залуу анхаарал татлаа. Бизнес хийхээр Хятадад ирсэн гэнэ. Санаандгүй ”Та нар хятад хэл мэдэх үү” гэсэн чинь “Эхний зургаан сард сурчихна” гэж байна. Хятадын гааль хэцүү ш дээ гэхэд маань “Яахав судалчихна шүү дээ”гэлээ.Мөнгө байхгүй яаж бизнес хийх юм бэ гэсэн чинь “Дэлхийн хамгийн мөнгөтэй газар ирчихээд мөнгө олж чадалгүй яах вэ” гэж хариулсан юм даа.Тэгэхэд би нэг юм ойлгосон. Монголчууд бүх зүйлийг зовлон, проблем гэж хардаг юм байна гэдгийг.

Харин Ховдод гурилын бизнес хийж байсан танил маань “Ховдынхон мөнгөгүй, бизнес явахгүй байгаа” талаар гомдоллож байлаа.“Хятад руу гурил зарж үзсэн үү” гэж би түүнээс асуусан юм. Охин маань Бээжинд сурсан. Би 10 кг хоёр гурил чемодандаа хийж очоод,нэгийг нь охиндоо өгөөд, нөгөөг нь зарчихдаг байсан юм. Нэг удаа бүр нисэх дээр баригдаж байсан удаатай.

Ховдод гурил зардаг бизнесмэн залуу надтай тааралдсан гурван израйль залууг бодвол мөнгөтэй, гурилын үйлдвэртэй. Хятадад очиход илүү ойрхон.Америк дипломтой байлаа.Израйль залуусаас ялгаатай нь миний найз монгол толгойтой.

Цаг хугацаа өнгөрсөн ч бид хөмөрсөн тогоон дотор хэвээрээ байгаа. Дэлхий нээлттэй байхад л яг хуучнаараа сэтгэдэг. Харвардын дипломтой ч хуучин хүү хэвээрээ үлдсэн. Шинжлэх ухааны мэдлэг, ертөнцийг үзэх үзэл өөр.

Монголын проблем улс төр гэж хатуу итгэж байхдаа би муу улстөрчдийг өөрчилвөл бүх юм сайхан болно гэж итгэдэг байсан. Орос эрдэмтэдтэй ярилцаж суухад “Монголын асуудал улс төр биш” гэж хэлсэн. “Юу хүсч байгаагаа мэдэхгүй хүмүүст эрх мэдэл, мөнгө тус болохгүй” гэсэн.

АНУ-ын бизнесмэн “Монголчуудыг муу хүмүүс гэж боддог байсан. Тийм биш юм байна. Монголчууд намайг хуураад байгаа юм биш өөрсдөө яг юу хүсч байгаагаа мэддэггүй юм байна. Та нар төмөр зам барих гээд байгаа юм уу, Таван толгойгоо босгох гээд байгаа юм уу. Асуудал бидэнд биш зүгээр л та нар дэлхийн шуугианд төөрчихөж” гэсэн.

Нэг хүн ухаан алдаад сэргэхдээ хэн гэдгээ мэдэхээ байчихдагтай адилхан зүйл бидэнд тохиолдоод байна. Оросын эрдэмтэд“Оросууд зуун жилд тархиа хоёр удаа форматлуулсан. Социализм, капитализм гэж. Монголчууд ч гэсэн яг тийм замыг туулсан шүү дээ. Тэгээд хаана яваагаа мэдэхээ байгаад хамгийн сүүлд уншсан номоороо явдаг болсон“ гэдэг.

Хоёр ойлголт байдаг. Орчин үежүүлэх, баруунжуулах. Энэ үйл явцыг япончууд өөрийн соёл, технологийн үндсэн дээр хүлээж авсан бол монголчууд үнэт зүйл, соёл, уламжлалаа бүгдийг орхисон. Монгол хэлний асуудлыг төгс шийдье гэвэл хуучин монгол бичиггүйгээр чадахгүй шүү дээ.

Германд Христийн Ардчилсан намын урилгаар очоод, тэнд улстөрийн намууд нь соёлынхоо үргэлжлэл юм байна гэдгийг ойлгосон. Төрийн бус байгууллагууд нь шашны, буяны байгууллагуудынхаа үргэлжлэл байдаг. Гэтэл Монголд ямар байдаг билээ.

Хөгжил гэдэг хүний тухай яриа. Төмөр зам, байшин гэдэг бүтээгдэхүүн. Тэр бүтээгдэхүүнийг гаргаж авч болдог. Харин үндэсний амьд организм өсч хөгжиж байгаа юу гэдэг бол хөгжлийн тухай яриа.

Бид хэн юм бэ, хаашаа явах гээд байгаа юм бэ?

Хэн нэгнийг дууриагаад хэсэг л явна. Зөвхөн эм уугаад эрүүл явна гэдэг боломжгүй зүйл. Одоо бид зог тусаад бодох хэрэгтэй. Яг юу хүсээд байгаагаа.

Хөгжил ирээдүйн тухай яриа биш. Ангараг руу нисч очно гэдэг хөгжил биш үр дүн.Хөгжил гэдэг өнөөдөр байгаа юмаа сайжруулах асуудал шүү дээ. Япон хүн яагаад ажилсаг харагдаад байна гэхээр өнөөдөр хийх ёстой ажлаа сайн хийдэг. Монгол хүн харин маргааш сайхан амьдрах тухайгаа ярьдаг. Маргаашийг ярьдаг өвчин коммунизмаас өвлөгдөж ирсэн байх. Бид коммунист аргаар капитализмыг яриад байна. Өмнөө байгаа ажлаа сайн хийх хэрэгтэй. Түүнээс биш Харвард төгсч ирээд мундаг ажиллана гэдэг үлгэр.

Монгол хөгжихөд дутуу юм байхгүй. Солонгосчууд чадаад, бид чадахгүй байгаа юм ховор.Ганцхан бидний толгой хуучнаараа ажиллаад байна. Бусад орнууд энэ асуудлыг яаж шийддэг гэхээр хүмүүсийнхээ бодол сэтгэлгээг өөрчилдөг, хайрцгийг нь эвддэг. Яагаад монгол хүн Солонгост очихоороо сайн ажиллаад байна гэхээр шинэ дүрэм, соёлоор сэтгэх шаардлагатай болдог.

Энэ бүхнийг яаж хийх юм.

Орос эрдэмтэд болохоор “Би хэн юм бэ, яг ямар байх ёстойгоо ойлгоогүй байна” гээд байгаа. Япончууд болохоор “Танайд билэг танхай гэсэн ойлголт байдаг. Япон хүүхдийг билэг танхай болгож хүмүүжүүлэх боломжгүй” гэдэг.

Израйльд очихоор израйль хүүхдийн билэг танхайд нь зориулсан сургалт явуулж байна. Харвард төгссөн билэг танхай хүн хэрэгтэй байна.

Монголчууд төр улсыг байгуулах процессоо орхигдуулсан. Мэргэжлийн холбоод хөгжөөгүй. Хамтын эрх ашгийн институтаа хаячихсан.Нийгмийн бүх асуудлыг зөвхөн намаар дамжуулж шийдэх гэж оролддог. Латин Америкт Болив гэж улс бий. Тэнд өөрийн телевизтэй, дэлгүүртэй, дөрвөн гэр бүл бүхнийг шийддэг. Сонгуулиар энэ дөрвөн гэрийн хоорондын эрх мэдлийн хуваарилалт явдаг. Намууд нь энэ дөрвийн эрх мэдлийн зөрчлийг шийддэг. Монгол яг энэ олигархи тогтолцоо руу явж байна.

Бид шийдвэр гаргадаг хүмүүсээ авлигын системд оруулчихвал хэзээ бүгдээрээ үхэх вэ гэдгээ л хүлээх болно. Бидний хэнээс ч илүү гадныхан их мөнгө төлж чадна шүү дээ. Одоохондоо гадны сонирхлыг Монгол татахгүй байж болно. Том капитал үүсч, гадны сонирхлыг татдаг болсон үед “ах нар” ороод ирнэ дээ.

Жижиг орнуудын өөрсдийгөө авч явдаг дүрэм өөр. Швейцарьт очоод иргэн болох гээд үз. “Амьдрах газраасаа эхлээд зөвшөөрөл аваад ир”гэнэ. Тосгоны хурлаар эхлээд орох болдог. Үнэхээр тэр хүн Швейцарьт хэрэгтэй эсэхийг хэлэлцээд, тосгон эцсийн шийдийг гаргана даа. Эрх мэдлийн системийг зөв хуваарилаад гадны нөлөө орж чадахгүй болгосон. Монгол Улсыг байгуулах нь гурван сая хүний ажил.Гэтэл улс орныг байгуулах систем хийгээгүй. Даахгүй нохой булуу хураана гэгчээр “Бид шийднэ” гэж нэг цэг дээр бүхнийг овоолсоор сүүлдээ зөвхөн гал унтраадаг болж хувирсан.

Уран зохиолын нэг жишээ хэлж болно. “Алиса гайхамшгийн оронд” гээд хүүхэлдэйн кино байдаг шүү дээ.

Алиса туулайнаас “Энэ зам хаа хүрэх вэ” гэж асуудаг.

-Та нар хаашаа явж байгаа юм бэ гэж туулай асуухад нь

-Хаашаа ч хамаагүй гэхэд туулай “Тэгвэл энэ зам хаашаа хүрэх нь та нарт ямар хамаатай юм бэ” гэдэг.

Бид яг тийм байдалд орчихоод байна. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол бидэнд юу ч байгаад тус болохгүй.

Монголчууд нийгмийн сэтгэлгээний хувьд Европоос 300-400 жилийн өмнөх үед байна.

“Гамлет”-д Данийн хаан хүү нутагтаа эргэж ирээд эх нь авга ахтай нь нийлж, эцгийг нь хороосныг мэднэ. Тэр бүхнийг мэдэхгүй царайлж сайхан амьдрах уу, мэдээд бүхнээс шахагдах уу гэдэг сонголтын өмнө ирдэг. Гамлет мөн чанараараа амьдрах уу, дүр эсгэж амьдрах уу гэдэг асуулт тулгарна. Одоогоос 500 жилийн өмнө У.Шекспир европчуудаас ингэж асуужээ. Байгаагаараа байх уу, дүр эсгэж амьдрах уу?

Вацлав Хавел “Эрх чөлөө гэдэг бол сонгуулийн эрх чөлөө биш. Яг өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөө байна уу гэдэг чухал” гэж хэлсэн.

Монголчууд эмнэлэгт очсон ч танилгүй бол эмчлүүлэхэд амаргүй. Иргэд улс төрийн намд хандив өргөхдөө нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэдэг. Тэр нь хэр биелэгддэг билээ. Дүр эсгээд хөгжиж болдог юм уу гэдэг асуулт бидэнтэй нүүр тулж байна.

Европчууд амьдралаараа энэ асуултанд хариу өгсөн.

Зовлонг хуурамчаар туулдаггүй. Хичнээн хэцүү байсан ч хүн үйлээ үзэж байж давдаг.

Монголчууд соёлын хувьд асуудлыг шийддэг бус зугтдаг ард түмэн. Үнэнээрээ байх уу, худлаа байх уу гэдгээ шийдэлгүй цаашаа явж чадахгүй. Монголчууд одоо асуудалтай тулж байгаа нь сайн хэрэг.

Зөвлөлтийн үед бидний өмнөөс ах нар асуудлыг шийддэг байсан. Эдийн засгийн хямралд зөвлөгөө өгөх эксперт олдоно. Ганцхан монголчууд суурь асуудалдаа өөрсдөө л хариу өгөх учиртай. Стив Жобс “Чи хэчнээн мөнгөтэй байсан ч өмнөөс чинь өвдөх хүнийг олохгүй” гэсэн.

Монгол дэлхийн анхны бөгөөд сүүлийн үндэстэн биш. Дэлхий энэ замыг туулаад өнгөрсөн. Хүсвэл шийдэл хаанаас ч олдоно. Сайн яривал Монгол олон юмаараа бусдаас илүү. Дэлхийн хамгийн их асуудалтай арван оронд Монголыг оруулсан байдаг. Африк энд багтсаныг ойлгож болно. ДОХ-д нэрвэгдсэн, ядуу буурай гээд олон хүндэтгэх шалтгаан бий. Харин Монгол энд яагаад багтсан талаар “хүндэтгэх шалтгаан” олддоггүй.

Би улс төрд орохдоо нэг юмыг андуурсан.

Монголын асуудлыг УИХ шийддэг юм байна гэж бодсон. Яг үнэндээ УИХ-д нийтийн эрх ашгийн тухай асуудал байдаггүй. Бид хамтын эрх ашгийн тухай ойлголтдоо хүрээгүй. Гудамжиндаа улаан, ногоон гэрлээрээ явбал нийтээрээ хождог юм байна гэдгийг бид одоо л ойлгож байгаа улс. Нэг сая хүн нэг дор цуглаад бүгд нүүрс түлээд байж болохгүй гэдгийг сая л мэдэрч байна. Бид бүгдээрээ зэрэг дайраад балраад байгаа юм. УИХ-д дундын үүрэгтэй улаан, ногоон гэрлийн тухай ойлголт алга. Сэтгэлгээний соёлын түвшин дээшээ гарахгүй байна. УИХ-д ороод гоё юм ярих нэг хэрэг. Кнопны тоо өөр асуудал.

Энэ хямралыг сайн зүйл гэж харж байгаа. Бага өртэй дээрээ дампуурсан нь юун сайн юм бэ. Болох юм болдгоороо болно. Ийм байдалд ухаан орохгүй бол найдвар байхгүй гэсэн үг. Аав надад хэлж байсан. “Орос, Хятад хоёр Монголыг анзааралгүй орхих нь үүлэн чөлөөний нар шүү” гэдэг байсан. Үүлэн чөлөөний нар өнөөдөр эрсдэлтэй боллоо.

Би нэг юманд итгэдэг. Бүх мундаг хүмүүс, улс орнууд зовлон туулж мундаг болдог. Хямралыг яаж харахаас бүх юм шалтгаална. Миний мэдрэмжээр бол ухаан орж байна.Төөрсөн хүмүүс ойгоос гарах замаа олох уу гэдэг чухал.

Жорж Соростой 2000 онд кофе ууж суухад “Та нар ардчиллыг байгууллаа гэж яриад байх юм. Ардчиллыг чинь та нарт худалдаад аваад өгчихсөн шүү дээ. Танай ардчиллын мөнгө төлөгдсөн. Би М.Энхсайхан, Н.Энхбаяртай уулзахдаа асуусан. АХБ-ны төсөл л өөдөөс яриад байх юм. Сайн удирдагч цаашдаа мөнгө байхгүй бол яаж амьдрах вэ гэдэгт хариулах учиртай. Удирдагч хүний ажил төсөл олох биш” гэсэн юм даа.

Эх сурвалж: Өдрийн сонин, Б.Янжмаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна