Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулав.
Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжиллээ.
Уг томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцав.
2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна