“Машид тунгалаг” нэртэй уран бүтээлээ тун удахгүй, бүр тодруулбал энэ сарын 19-нд Монгол түмэндээ өргөн барих гэж буй Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагвын их номын өргөөнд хэсэгхэн саатлаа. Хүний дотоод ертөнц гэдэг гайхамшиг болохоор түүний яриа, уран бүтээл бүхэн өөрийн эрхгүй анхаарал татна.
-“Машид тунгалаг” номын уншсан. Тэндээс гэрэлтсэн гэрэл цацарч удахгүй тайзан дээр амилж буйд байяр хүргэе?
-Баярлалаа. Гол утга учир нь хүмүүний сэтгэлийг гэрэл гэгээнд урих, ариусалд урих. Өөрөөр хэлбэл хүмүүс маань сэтгэлээрээ ариун байх, хүмүүний сэтгэл тунгалаг байхын гол утга учир нь яруу найраг юм. Тэгэхээр хүмүүсийг хиргүй тунгалаг сэтгэлтэй, ариун байхад уриалж байгаа тоглолт юм л даа. Тиймээс ирж буцах хүмүүсийн сэтгэлийг хиргүй тунгалаг болгоосой гэж “Машид тунгалаг” гэдэг нэр өгсөн.
-Таны цэнгүүнд дан яруу найраг уншигдана гэж ойлгож болох уу?
-Тийм. Гэхдээ энэ удаагийн тоглолтын гол онцлог нь МҮОНРТ-ийн алдартай нэвтрүүлэгч нар миний шүлгийг уншина. Нэвтрүүлэгч Бямбацогт, Ичинхорлоо, Гантигмаа, Ганбаатар, Алтанбагана, Цовоо гэсэн эрхэм сайхан хүмүүс оролцох юм. Мэдээж бий шүлгээ уншина. Мөн Хөгжим бүжгийн 50 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжимийнхөн бүтэн 2 цаг 30 минутын турш хөгжимдөнө.
-Та бол олон сайхан дууны шүлэг яруу найраг бичсэн хүн. Гэхдээ “Машид тунгалаг” цэнгүүнд нэг ч дуучин оролцохгүй гэхээр их сонин санагдаж байна шүү.
-Дуучид болно ирнэ л дээ. Харин энэ удаад тэд тайзан дээр биш үзэгчдийн дунд суугаад тоглолтыг маань үзэх юм. Миний дотны найз нөхөд, олон сайхан алдартай дуучид ирнэ. Би өнгөрсөн цагт юу бүтээж, өнөөдөр ямар хэм хэмжээнд явна. Ирээдүйд ямар байх вэ гэдгээ “Машид тунгалаг”-аасаа олж харах гэсэн юм.
-Дан яруу найргийн бүтээлээр тоглолт хийх ер нь амаргүй байх, тийм үү?
-Би 2012 онд дан яруу найргаараа бүтэн гурван цагийн турш ганцаараа шүлгээ уншаад дан шүлгийн тоглолтыг Монголд анх би хийсэн юм. Харин энэ удаад миний анхны тоглолт биш учраас би итгэлтэй байгаа. Ер нь Монголд ийм тоглолтыг олон хийгээч гэж яруу найрагчидаа би уриалдаг. Их тийм электрон хөгжмийн эрин үед амьдарч байна. Энэ нүргээнт байдлаас уйдчихсан, нэг их тийм сайхан намуухан, уянга яруугийн сайхныг мэдэрч суух тийм хүслээр цангачихсан байдаг юм билээ. Дахиад хэлэхэд үзэгчдээ уйдаахгүй гурван цаг яруу найргаа унших шүлэгтээ байна гэдэг яруу найрагч хүнд тийм амар юм биш.
-Тоглолтын тасалбарын үнэ, хаана болохыг нь асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
-20000 төгрөгөөр зарж байгаа. Тусгаар тогтнолын ордон маань үүдэндээ зардаг газаргүй юм билээ. Уг нь ч суугаад зарвал болох л байх л даа. Гэхдээ цахим сүлжээ гэж нэг сайхан юм байна. Би л гэхэд 4000 найзтай байх жишээтэй. Тэгээд ч тоглолтын маань заал 700 хүний багтаамжтай болохоор ер нь дуусах тийшээ хандаж байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна