Уншигч болоход тань туслах 10 зөвлөмж

2017/01/12
Ном уншдаг, номын тухай ярилцдаг, ном бичдэг хүний тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч ямар номноос эхэлж унших, ямар сэдвээр унших, унших номоо яаж сонгохоо мэдэхгүй олон залуучууд байгаа төдийгүй сардаа нэг хоёр номноос хэтэрдэггүй уншигчид ч байна. Тэд ном унших хэрэгтэй гэдгийг мэддэг боловч өдөр тутмын хэрэглээ болгож чаддаггүй. Та ч бас “за дараа завтай болохоороо” хэмээн хойшлуулсаар байгаа бол дараах хэдхэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Таны өмнө цоо шинэ ертөнц нээгдэх болно.

1.Цаг гарга: Гэхдээ бүү хүндрүүлж ойлгоорой. Өдөрт ердөө 5-10 минутыг л ном уншихад зарцуул. Өглөөний цайгаа уухаасаа өмнө эсвэл өдрийн цайны цагаар бүр болохгүй бол орой унтахынхаа өмнө унш. Хэрвээ та үнэхээр уншихыг хүсэж байгаа л бол энэ хугацаа тань бага багаар нэмэгдсээр л байх болно. Мэдээж өөрт тань таалагддаг, сонирхолтой ном уншиж байгаа бол шүү дээ. Номоо хэрхэн сонгох талаар дор дурдана.

2.Байнга хар: Номоо ширээн дээр тавьчихаад гөлрөөд суу гэсэн үг биш гэдгийг мэдээж ойлгож байгаа байх. Та номоо байнга нүдэнд өртөхөөр газар тавьж, хаашаа ч явсан аль болох номоо авч явахыг хичээгээрэй. Энэ нь таны номтой хамт байх цагийг уртасгахаас гадна дадал хэвшил болоход чухал үүрэгтэй.

3.Жагсаалт гарга: Сард унших номынхоо жагсаалтыг гарга. Та эхлэн уншигч бол заавал мундаг болох гэж олон ном оруулаад хэрэггүй. Өөрийнхөө уншихыг хүссэн 3 номоо л жагсаалтдаа оруул. Жагсаалтаа хөтлөхөд тань зориулж ҮҮНИЙГ санал болгож байна. Танд ердөө gmail хаяг байхад л хангалттай.

4.Сонирхол нэгтэй хүнээ хайж ол: Та ганцаараа биш. Ном уншихыг хүсдэг хэдэн сая хүн байгаа. Тэдний нэг томоохон жишээ нь GOODREADS. Энэ сайтад бүртгүүлэхэд ердөө 2 минут л хангалттай. Номын нэрээр нь хайлт хийгээд үзэхэд тухайн номын тухай сэтгэгдэл, уншигчдын үнэлгээ зэрэг байхаас гадна хэдэн мянган номын клубууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мэдээж энэ сайтаас өөр “гарын доорх” хэрэгсэл бол Facebook дахь номын группууд. ЭНД бүр ийм жагсаалт ч гарсан байгаа.

5.Нөлөөллийг бууруул: Телевиз, гар утас, интернэт зэрэг таны цагаас хумсалсаар байдаг хүчин зүйлүүдээс дээр дурдсанчлан цөөн хэдэн минутаас эхлэн шат дараатайгаар зарцуулах цагаа багасга.

6.Хүүхэдтэйгээ хамт унш: Хэрвээ та хүүхэдтэй бол уншиж эхлэхэд тань бас нэгэн давуу тал байна. Хүүхэдгүй ч гэсэн “би хүүхэдгүй ээ” гээд хаях ч хэрэггүй. Учир нь та хамгийн амархнаар эхлэхийг хүсэж байгаа учир зузаан зузаан номнууд сонгохоосоо урьдаар хүүхдэд зориулсан хялбаршуулсан зохиолуудыг сонгох нь зүйтэй. Хүүхдийн ном уншлаа гээд тэнэг гэсэн үг биш шүү дээ.

7.Номын дэлгүүрт оч: Юун түрүүнд шилдэг борлуулалттай номын хэсгийг алгасаад тасаг бүрээр нь бүүр болж өгвөл тавиур бүрээр нь дайраад гар. Та юу сонирхож байна түүнийгээ л унш. Хүн бүрийн сонирхол өөр. Гэхдээ мэдээж шилдэг борлуулалттай номын хэсэгт таны сонирхолыг татах ном байж л байгаа байх. Хамгийн гол нь та өөрийнхөө сонголтоор л уншаарай. “Би ном уншихыг хүсэж байгаа юмаа. Ямар зохиолоос эхлэх вэ?” гэсэн асуулт маш түгээмэл байдаг тул үүнийг дахин дахин анхааруулаад байгаа хэрэг. Хэрвээ та унших номоо сонгочихсон бол ЭНДЭЭС онлайнаар захиалаад авч ч болно.

8.Номын сангийн өдөртэй бол: Уншигчийн карт нээлгээд болж өгвөл долоо хоногт 1 удаа номын санд оч.

9.Тэмдэглэл бич: Хүмүүсийн орхигдуулдаг хамгийн түгээмэл зүйл бол тэмдэглэл бичих. Уншсан номынхоо тухай, зохиолчийнх нь тухай, эсвэл аль нэг бүлгийнх нь тухай, бүр нэг үгнийх нь ч тухай тэмдэглэл бичиж болно шүү дээ. Тоогоор хэмжвэл өчнөөн олон ном уншчихсан хэрнээ өөрт нь үлдсэн зүйлгүй бол уншихын хэрэг юун?

10.Номыг хэрэглэ: Та ямар ч ажил эрхэлдэг байсан уншихгүй л бол суралцахгүй, шинэ мэдлэг олж авч чадахгүй. Манайханд байдаг түгээмэл дутагдал бол номыг тахин шүтэх хандлага. Ном бол бидний өдөр тутам иддэг талхтай л адил хэрэглээ. Та номон дээрээ тэмдэглэл хийж, тодруулж, хуудсыг нь нугалж аль болохоор өөртөө ойлгомжтойгоор хэрэглэдэг болоорой. Танд амжилт хүсье.

reader.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна