Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа. Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэн өгсөн юм.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан комисс ажиллаж энэ оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дүгнэлтээ гаргасан байна.
Эрүүл мэндийн үзлэгээр нэр дэвшигчдийн суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээ хийжээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог юм байна.
Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл Мэндийн Яамнаас батлагдсан комисс хуулийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тавдугаар сарын 7-ны өдөр энэхүү ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүлж байна. Бид 23 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Комиссын даргаар Д.Очирбат миний бие ажилласан. Шинжилгээний үр дүнгийн талаар одоо мэдээлэх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой зөрчил, асуудал гараагүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна