Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ

2017/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх нь хамгийн зөв шийдэл гэх утга бүхий  давалгаа үүсгэж эхэлжээ. Манай улсад сошиал орчин буюу фэйсбүүк, твиттерт идэвхтэй хэсэг бүлэг бий болсон төдийгүй хэрэглэгчид нь түлхүү залуу хүмүүс байдаг учраас сонголт хийхийн тулд  нэр дэвшигчдийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байх үүднээс ийнхүү мэтгэлцүүлэх чэллэнжид нэгдэж эхэлсэн байна.

Зөвхөн залууст мэдээлэл өгөхийн тулд бус нийт сонгогчдод бодит мэдээлэл өгөх хамгийн боломжит хувилбар бол олон нийтийн телевизээр халз мэтгэлцээн зохион байгуулах явдал гэдгийг судлаачид ч хэлж байгаа юм. Тиймээс сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө дор хаяж 2-3 удаагийн мэтгэлцээн зохион байгуулах саналыг ийнхүү олон нийтийн зүгээс гаргаад байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас  М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ улс төрийн намууд зарлаад байгаа юм. Харин намууд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Ингэснээр СЕХ-ноос  дээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэхээ энэ сарын 17-ны дотор нийтэд мэдээлнэ. Санал хураалтын өмнөх  процесс дээрх байдлаар өрнөнө. Харин үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулах шаардлагатай байгааг ийнхүү олон нийтийн зүгээс  хүчтэй шаардаж эхэллээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна