Үндсэн хуулийг үндэсний зөвшилцлөөр л өөрчлөх ёстой

2017/05/10
Жил ирэх тусам бүх шатны сонгууль иргэдийн анхаарлыг гойд татдаг боллоо. Нэг үе үргэлж уруудаж байсан сонгогчдын ирц 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өмнөхөөсөө (2012 оны УИХ-ын сонгуульд нийт иргэдийн 62.24 хувь нь саналаа өгсөн) долоон хувиар буюу 140 мянга орчим сонгогчоор өссөн байна. Энэ бол Монголд болж байсан сонгуулиудад тохиолдож байгаагүй том өөрчлөлт. Үргэлж уруудаж ирсэн сонгогчдын ирц өссөн нь “Би улс төрөөр оролдоогүй байхад улс төр надаар оролдож байна” гэдэг үгийг сануулах мэт. Нэг ёсондоо нийгэмд улстөржилт ихэссэн, төрийн алба улс төрөөс хэт их хамааралтай болсны илэрхийлэл юм. Аль нам, хувь улстөрч сонгогдохоос өөрийнх нь, адаглаад хамаатных нь амьдрал хамаардаг учраас бүх нийтийн анхаарал сонгууль руу чиглэдэг байхыг үгүйсгэхгүй. Энэхүү процесс нь сайн гэхээсээ илүү сөрөг үр дагавар ихтэй нь мэдээж. Хамгийн наад зах нь нийгэмд талцал, хуваагдал, үл ойлголцол бий болгодог. Хаашаа ч савлаж мэдэхээр нийгмийн сэтгэл зүй, хөрс суурь бэлдэгдэж байна гэсэн үг. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор ийм нэгэн ээлжит процесс хэдийнэ эхэлчихээд байх шиг. 

Ерөнхийлөгчийн сонгууль бол бусдаасаа онцлогтой. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, шалгуур ч нарийн. Наад зах нь 45 нас хүрсэн хүн болгон “Би нэр дэвшинэ” гээд зүтгээд байж болдоггүй. УИХ-д суудалтай намуудад л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд МАН, АН, МАХН-д л энэ сонгуульд өрсөлдөгчийн хувиар оролцох боломж бий. Тэр утгаараа энэ гурван намын нэр дэвшигчдэд тавигдах хамгийн эхний шалгуур нь Монгол төрийн өндөр босгыг давах хэмжээнд ажлын туршлага, амьдралын ухаан, хамгийн гол нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх чадвартай эсэх нь нэн чухал юм. Түүнээс ч дутахгүй чухал зүйл бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бодлогын өрсөлдөөнөөр дүгнэж, сонгох ёстой болохоос тархи угааж байгаагаар нь хэмжих нь зохисгүй.  Гэвч Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж буйтай холбоотойгоор иргэдээ хооронд нь талцуулах үйл явдал цахим ертөнцөд өрнөж эхэллээ. Уг нь нэр дэвшигчид сурталчилгааныхаа хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэх, хэрхэн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхаа тодотгож сонгогчдод ойлгуулах ёстой. Гэвч албан ёсоор эхлээгүй ч цахим орчинд эхэлчихээд байгаа зүйлээс харахад үндэсний эв нэгдлийг илэрхийлж иргэдээ талцуулахгүй байхын оронд хагалан бутаргасан, хооронд нь сөргөлдүүлсэн шинжтэй мэдээлэл давамгайлж байх шиг. Өөрөөр хэлбэл, үндэсний эрх ашгаа хамгаалах бодлогын өрсөлдөөн бус зөвхөн олон нийтийн анхаарал, сонирхлыг татах гэсэн хөнгөн зугаа, хов жив маягийн яриа их явах боллоо. Үүнийг зориуд дурдсан нь Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, үндэсний зөвшилцлийг бий болгогч байх ёстой. Яг одоо үндэсний зөвшицөл шаардаж байгаа сэдэв нь ч бэлэн байна. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа билээ.

НИЙГМИЙН ГЭРЭЭГ НИЙТЭЭРЭЭ

Үндсэн хуулийг нийгмийн гэрээ гэх нь ч бий. Тэр өнцгөөс нь ойлговол Монголын ард түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, нийтээрээ мөрдөх шинэ гэрээтэй болсноос хойш 25 жил өнгөрчээ.

Нийгмийн зарим хэсэг нь Үндсэн хуулийн боломж шавхагдаагүй, нөөц дуусаагүй гэдэг бол зарим нь Үндсэн хууль үндсэн үүргээ гүйцэтгэсэн, өөрчлөх ёстой гэж хоёр хуваагдаад байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх бол үндэсний зөвшилцлийг хангах нь юу юунаас чухал. Тэгвэл энэ парламент үндэсний зөвшилцлийг хангаж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг явуулаад байгаа бөгөөд үр дүнг нь ч олон нийтэд танилцуулаад байна. Мөн одоогийн эрх баригч МАН өмнөх парламентын үед сөрөг хүчин байхдаа үндэсний зөвшилцлийг чухалчлан ажиллаж ирсэн жишээ бий. Улс төрийн намын удирдлагуудыг оролцуулсан “Үндсэний зөвшилцөл” уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны асуудлаар санал соилцож байсан удаатай. Мөн 2015 онд тус намын дарга М.Энхболдын санаачилгаар “Бид хамтдаа” үндэсний форум зохион байгуулж байв. Тухайн арга хэмжээ бүрт нь АН-аас бусад улс төрийн намууд идэвхтэй оролцдог байлаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 26 намаас тухайн үеийн эрх баригч АН-ынхан л зөвхөн оролцоогүй байдаг билээ. Тэгвэл 2016 оны сонгуулиар АН, МАН-ын байр солигдож, эрх баригч нам нь МАН боллоо. Тэд үндэсний зөвшилцөл чухал гэдэг зарчмаа орхисон уу гэдэг асуудал чухал юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар одоо үндэсний зөвшилцөл явуулах ёстой. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд Үндсэн хуулийг өөрчлөх талд байр сууриа илэрхийлсэн нь мэдээж үндэсний зөвшилцлийн нэг хэлбэр. Гэхдээ...

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААС ЧУХАМ ЮУ ГЭЖ ШИЙДЭВ 

УИХ-ын намрын чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр үе шаттай зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны судалгааг орон даяар явуулж санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг хамруулсан юм. Хоёр дахь шатны санал асуулгыг өнгөрсөн сарын 29, 30-нд Төрийн ордонд зохион байгуулж нэгдүгээр шатны санал асуулгад оролцсон 1570 иргэний 50 хувийг нь оролцууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл хэлэлцүүлгийн дүнг тусгасан зөвлөмжөө УИХ-д танилцуулсан. УИХ одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах комисс байгуулна. Тус комиссыг УИХ-ын гишүүд, эрдэмтэд, депутатууд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах юм байна. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан комиссын боловсруулсан төслийг  нь УИХ хэлэлцэнэ. Гэхдээ гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хэлэлцэх юм. Мөн бүх заалт нь гуравны хоёрын дэмжлэг авах ёстой. Ингэсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөөд байгаа юм. УИХ төслөө урьдчилсан байдлаар баталж тухайн төслөө дэмжих эсэхийг ард нийтээс асууна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлт эцэслэн батлагдана. Түүний дараа өөрчлөх эрх УИХ-д байхгүй гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн ахлагч, Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүн асан Д.Ламжав онцолж байв. Өөрөөр хэлбэл, УИХ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө урьдчилсан байдлаар батлах шаардлага үүсч байгаа юм. Ард нийтийн санал асуулгыг дангаар нь зохион байгуулж ирцийг 50-иас дээш хувьд хүргэнэ гэдэг хэцүү. Тийм учраас ирэх зургадугаар сарын 26-наас өмнө төслөө баталж ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах шаардлагатай гэж үзжээ. Урьдчилсан байдлаар баталсан төсөл нь ард нийтийн дэмжлэгийг авч чадахгүй бол УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг найман жилийн дотор дахин ярихгүй байх хуулийн зохицуулалттай. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд нухацтай хандаж долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандах ёстойг хэлснээс гадна дээрх хуулийн зохицуулалтыг анхааруулсан юм. 

ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ ҮРГЭЛЖЛЭХ ЁСТОЙ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэсний зөвшилцөл үүгээр дуусах уу, үгүй юү. Зөвлөлдөх ардчиллын зарчим талаасаа харвал мэдээлэлжсэн иргэд хамгийн бодитой дүгнэлт хийдэг. Тэд сэтгэл хөдлөлд автдаггүй, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байж чаддаг. Иймээс ч нийгмийн зөвшилцлийг хангахын тулд зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр Зөвлөлдөх зөвлөл УИХ-д зөвлөмжөө гардуулах үеэр “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу анх удаагаа бүх салбарыг төлөөлж Зөвлөлдөх зөвлөл байгуулж ажиллуулсан. Нэг талаасаа төлөөлөл болж байгаа ч ардчиллын үнэлэмжийг дээшлүүлэх, ардчиллыг төгөлдөршүүлэх алхам руу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ асуудлаар иргэдийн оролцоог хангахад хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж дүгнэж байгаа. Надад нэг л итгэл үнэмшил төрсөн. Бид аливаа даацтай эрх зүйн томоохон асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог нэмүү байлгах чиглэлд их анхаарах ёстой юм байна. Та бүхний Зөвлөлдөх зөвлөлийнхөө хүрээнд иргэдтэй хамтран ажиллаж, иргэдийг чиглүүлсэн энэ ажил, Монголын түүхэнд үлдэх зүйл гэж ойлгож байна” гэсэн нь бий. 

Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт буюу нийгмийн гэрээг хөндөх талаар ярьж байгаа учраас УИХ-д суудалтайгаас гадна суудалгүй намуудын байр суурийг сонсох нь чухал. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа Улс төрийн намуудын тоо одоо 30 руу дөхөж байгаа. Гэвч тэднээс парламентад суудалтай нь ердөө гуравхан. Иймээс үлдсэн бүх намын байр суурийг, иргэний нийгмийн дуу хоолойг сонсох нь үндэсний зөвшилцлийн бас нэг хэлбэр байх нь гарцаагүй. Харин сонсох механизмын тухайд МАН-ын дарга М.Энхболдын 2013 онд санаачилж байсан “Үндэсний зөвшилцөл” Монголын улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтын бэлэн загвар байгааг эцэст нь сануулъя. 

Эх сурвалж: Ардын эрх сонин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна