Мартагдахгүй байх боломж

2017/05/11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай улс төрийн гурван намаас нэр дэвшигчдээ хэдийнээ тодруулаад буй. Тэд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлнэ. Гэвч үүнээс өмнө буюу бүр Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн дуулиан эхлэхээс дуустал МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаарх таамаглал тасралтгүй хөвөрч, намынхан хийгээд тойрон хүрээлэгчид нь, төрийн экс тэргүүн өөрөө хүртэл улс төрийн суулт хийж эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Мэдээж МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэхэд нь МАН, АН гэгч том бүлэглэл “айсан"-даа нам дарж байгаа нь тэр хэмээн мэдэгдэж байв.

Үнэн хэрэгтээ 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвших тухай асуудал үүсэх бүрт түүнийх боломжтой эсэх талаар маргаан дэгддэг. Өөрөөр хэлбэл, "ялтай, ялгүй", "Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, хамрагдаагүй" гэхчилэнгээр амны уншлага болтол талцдаг гэхэд болно. Эцсийн шийдэл нь хуулийн байгууллагынхан гаргаж, үндсэндээ “Уучлаарай, ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй” гэх утгатай тайлбарыг өгөөд, мань хүний оронд өөр хэн нэгнийг МАХН-аас нэр дэвшүүлдэг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь ч бараг сонгуулийн өмнөх сурталчилгаа, өрөвдүүлэх тактик мэт байсаар бэлтгэл ажил болж тогтох бололтой. Өнөөдөр ч мөн л ялгаагүй.

Экс Ерөнхийлөгч даагаа нэхэж, дахин нэр дэвшихээ мэдэгдэж байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр байгаа. Угаасаа олон нийтэд зарлах хуулийн хугацаанд заасан тов нь ч болоогүй. Яг л энэ цаг хугацааг ашиглаж, МАХН ээлжит “шоу”-ны тавилтаа үргэлжлүүлж байх шиг. Учир нь, АТГ-аас "МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна" гэх мэдэгдлийг нэг биш удаа өгсөн байдаг. Гэтэл МАХН-ынхан өнөө л ярьдгаа ярьж, биднийг гадуурхлаа хэмээсээр байгаа юм.

Намаа төлөөлж МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломжийг олгогч ганц “дайчин” О.Баасанхүү гишүүн нь ч гэсэн “Би энэ хүний өмгөөлөгч байсан, дараа нь ч өмгөөлж явсан, одоо хамгаалагч нь болох сон гэж бодож явдаг. Сонгуульд намын даргын нэрийг нь татаж байхад, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, ял шийтгэл яригдаагүй байхад “боловсролгүй” гэсэн үндэслэл гаргаж байсан. Одоо хүмүүс “Танай намын даргыг гаргах уу”, “Дэвшүүлэхгүй бол яана” гэж асуудаг. Би хариуд нь асуудаг “Хэн гаргахгүй гэж яриад байна” гэж.

Миний ойлгосноор нэг бол АН-ын олигархууд, эсвэл МАН-ын олигархууд, нийлүүлж харвал МАНАН бүлэглэл.Түүнээс АН гаргахгүй байгаа биш, МАН гаргахгүй байгаа юм ч биш . МАНАН доторх эрх мэдэлтэй болсон бүлэглэл юм. Тэд эрх мэдлийг атгаж байгаа учраас хууль ямар ч хамаагүй гэж хэлэх магадлалтай байна......Үнэнийг хааж боолгүй, хууль ёсыг завхруулалгүй сонгуульд нэр дэвших эрхийг нь өгчхөөсэй. Би үүнийг л хэлж байгаа. УИХ-ын түвшинд даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах талаас ажиллана” хэмээн намын нөхдөдөө амласан байдаг.

Уг нь хуулийг ягштал мэдэх учиртай өмгөөлөгч хүн ийн ярьж байгаа нь хуулийг гууль болгодог систем Монголд одоо ч бий гэдгийг харуулж байна. Эсвэл өөрөө хуулиа мэддэггүй нэгэн гэдгээ нотлоод байна уу. Яг үүнтэй адил үйл явц байнга шахам болж байгааг хүн бүр харж, бас дүгнэж байгаа. Дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй хэмээн намын гишүүд, дэмжигчид нь гэр барин суулт зохион байгуулж, жагсаж байсан бол өнөөдөр ч ялгаагүй жагссаар л байгаа. М

Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна