Гишүүд Х.Нямбаатарыг бусдын гар хөл болж, хуулийн салбарт будлиан хутгаж байна гэв

2017/05/12
Сонгино Хайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг бусдын гар хөл болж, хуулийн салбарт будлиан хутгаж байна гэдгийг УИХ дахь АН, МАН-ын туршлагатай гишүүд хэлэв. Учир нь Х.Нямбаатарын санаачлан оруулж, Байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал” гишүүдийн бухимдлыг төрүүлэх шалтгаан болжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Х.Нямбаатараа чи  ядаж бүтэн ганц жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр

-Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ, чи. Засгийн газар өөрсдөө хуулиа санаачлаад оруулаад ирнэ биз. Өнөөгийн парламентийн тал нь шахуу өмнөх парламентад байсан. Тэгэхэр бид би муу юм хийчихжээ гэж кноп дарах  болж байна уу? Хуулийн тогтвортой байдал гэж нэг юм бий. Анхааралтай бай. Ер нь юм мэдэхгүй хүн л мэддэггүйгээ мэддэггүй юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болчихож

-Энэ хуулийг яагаад яаран оруулах болов оо? Өчигдөр шөнө 22 цагийн үед Байнгын хорооны хуралтай гэсэн зар ирсэн. Х.Нямбаатар өргөн барьсан хууль хэлэлцэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал дайраад орж ирж байна. Ямар гал түймрийн нөхцөл байдал үүсэв?  Ер нь Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болчихож. Хууль эрх зүйн бүх хуулийг ганцаарчлан толгойгоор мэдэж байна. УИХ дахь АН-ын бүлэг зөвхөн Х.Нямбаатартай хэлэлцээр хийж байна. УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа. Үүнд баяр хүргэх нь зөв байх. Гэхдээ үүний цаана яарвал даарна гэж үг бий. Хүний эрхийн хуулиудын ухралтуудын гол эзэн нь Х.Нямбаатар гишүүн болж байгаа шүү.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Хэт олонхи томын зовлонд унаж, шуурах гээд байна

-Өмнөх парламентын үед эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн яаралтай дэгээр зарим асуудлыг хэлэлцэж, асуудалд гоомой хандахгүй байх үүднээс энэ хуулинд өөрчлөлт оруулж, дархалж өгсөн. Тэр үед хоёр нам тал талаасаа нэлээд сайн ярилцаж, бэлтгэлээ ч сайн хангахаар ярилцсан юм. Гэтэл шинэ парламент гарч ирэнгүүтээ өмнөх сайн хуулиудаа бүгдийг нь нурааж байна. Энэ төслөөс нийт 25 заалт авна гэдэг чинь үндсэндээ хуулийг бүхэлд нь нурааж байгаа хэрэг. Яагаад асуудалд хөнгөн гоомой хандахыг уриалаад байгаа юм бэ. Х.Нямбаатар гишүүн ээ. Хэт олонхи томын зовлонд унаж, шуурах гээд байна. Яагаад үүнийг яам нь оруулж ирэхгүй байгаа юм бэ. Үүнийг ер нь буцаавал яасан юм бэ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна