Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг хуулиар хааж чадахгүй

2017/05/12
Монгол улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын өрсөлдөх эрхийг хэн ч хааж чадахгүй болсон гэж хуульчид дүгнэж байна. Түүний өрсөлдөх эрхийг хоёрхон зүйлээр хаана гэж санаж, эрх баригчид түүндээ ч итгэлтэй байсан. Эхнийх нь, ялтай, ялгүй гэдэг асуудал. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд "ялтай, үгүй"-г лавласан тодорхойлолтыг СЕХ цагдаа, хууль хүчний байгууллагаас нэхэж авдаг хуультай. Харин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ийм заалт огт байдаггүй юм байна. Тэгэхээр Н.Энхбаярыг ялтай, ялгүй гэх, ял нь дууссан, дуусаагүй гэдэг маргаан тайлбарт нэгмөсөн цэг хатгажээ.

Хуулийн энэ заалт нь Н.Энхбаярын нэр дэвших эрхийг ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хорьж чадахгүй болсныг хуульчид нягталжээ. Ийнхүү эхний мэх хэрэглээнээс гарчээ. Хоёр дахь мэхийг нь боох мэх гэж нэрлэж болох. Үүний төлөө Үндсэн хуулинд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь эх орондоо сүүлийн 5 жил амьдарсан байх ёстой гэсэн хаалтын нэгэн заалтыг оруулсан байдаг. Тэгвэл хуулийн энэ заалтаар ч Н.Энхбаярын дэвших, өрсөлдөх эрхийг хааж чадахгүй болжээ. Хуулинд тухайн иргэний харьд амьдарсан эсэхийг Хилийн албанаас тодруулахаар заасан нь нэгдүгээрт алдаа, эндүүрэл болсон байна. Тухайн хуулийн заалтаар нэр дэвшиж буй иргэний гадаадад удаан хугацаагаар амьдарсан эсэхийг тодруулахаар Хилийн албанаас Сонгуулийн Ерөнхий Хороо тодруулах, улмаар тодорхойлолт авахаар заасан юм байна. Гэвч СЕХ-ны энэхүү хүсэлт, нэхэмжлэхийг нь Хилийн Алба хэзээ ч биелүүлж чадахгүйд хүрчээ. Тэгэхээр энэ заалтыг мөрдөх боломжгүй болжээ. Ингээд боох мэх мөн дууссан байна.

Учир юунд байна гэвэл, иргэний гадаадад амьдарсан, эмчилгээгээр явсан, аялсан эсэхийг нь олж тогтоодог, дээр нь тодорхойлолт гаргадаг байгууллага нь Хилийн Алба огт биш юм байна. Тэд юу хийж чадах вэ гэвэл, тухайн иргэний хилээр зорчсон тэмдэглэгээг л гаргаж өгч чадна. Иргэний харьд удаан хугацаагаар амьдарсан эсэхийг тодорхойлох үүрэг ч үгүй байгууллагад хариуцуулна гэдэг хуулийн алдаа юм. Анзаарвал, хууль хэлэлцэхдээ Оршин суух, Зорчих гэдгийн утгыг хууль тогтоогчид ялгаж салгаагүй байна. Тэгснээр хэрэгжих, баримтлах боломжгүй заалттай хууль баталжээ. Хуулиа мөрдвөл эх орондоо удаан хугацаагаар амьдраагүй гэдгийг нотлох байгууллага нэгэнт байхгүй болжээ. Тэгэхээр СЕХ Хилийн албанд хуулиараа хандана. Харин ямар хариу авах нь ойлгомжтой. Хариу нь БОЛОМЖГҮЙ гэсэн хариулт. Хуулиа барилгүйгээр тухайн иргэний эх орондоо удаан хугацаагаар амьдраагүй гэдгийг нь олж тогтоох боломж бий. Ганцхан зам үлдсэн. Тэр бол тухайн иргэний амьдардаг хороо хоринд хандах, эс бөгөөс мөн тухайн улсын ЭСЯ-нд хандаж тодорхойлолт авах зам л үлджээ. Энэ бол хуулийн заалтаас гадуур зүйл.

Энэ бүгдээс үндэслээд дүгнэхэд, Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй, хуулийн заалтыг ашиглаж өрсөлдөөний талбараас "арчина" гэдэг бодлоо таягдан хаяхаас өөр аргагүй болсныг хуульчид гаргаж ирлээ. Н.Энхбаяр намаасаа дэвшсэн. СЕХ бүртгэсэн. Түүнийг зайлуулах эртнээс бэлдсэн үндсэн хоёр мэх нь ажиллахаа больжээ. Тэгэхээр ганцхан зам үлдэв. Сонгуульд шударга өрсөлдөх.

Нийтлэлч Ц.Энхбат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна