Засгийн газрын хуралдаан 2017.06.20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.
Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана
Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.
Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.
Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж 12 дугаар сарын 25-ны өдрөөс сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна.
Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.
Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Бүгд найрамдах Хятад Ард улсын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол өнөөдөр ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо. Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10,336 айл, өрх байгаад зориулж тус бүр нь 200-250 айл өрх харъялагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн,бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм
Авто тээвэрлэлттэй холбоотой хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээрийг соёрхон баталснаар :
- Манай улсын тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно
- Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ
- Манай улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэг нөлөөлнө
- Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал хөнгөвчлөгдөнө
- Азийн авто замын сүлжээний замуудад орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах систем нэвтэрч, жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний төв байгуулах боломж бүрдэх юм.
Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй
Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2,9 сая төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг санхүүгийн тусгайлсан хөтөлбөр судалж нэвтрүүлнэ. Мөн оюутан сурагчдад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай идэвхитэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүүдийг авч ажиллах юм байна.
- “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд барихаар төлөвлөөд байгаа юм.
Товч мэдээ
- Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг түүний оронд томиллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна