Санал авах байранд 3 намын 4421 ажиглагч ажиллана

2017/06/25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны  цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.

Санал авах байранд 3 намын 4421 ажиглагч ажиллана

Сонгуулийн санал хураах үйл явцыг хэвийн явуулахад мэргэжлийн холбогдох байгууллага анхааран ажиллаж байгаа юм. Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж, санал авах байрны 30 хувьд нь цахилгааны нөөц эх үүсвэрийг шийдсэн байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд 1021 ухуулах байр, 4158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан. Маргааш санал авах байруудад 3 намын 4421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан” гэлээ.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан байна.

Зөөврийн хайрцгаар санал авч байна

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Үүнээс “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ. Нийт сонгогчдоос 5349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэний дагуу эдгээр иргэдийн саналыг өнөөдөр өглөө 9.00 цагаас эхлэн зөөврийн хайрцгаар авч эхэлсэн байна.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудас хүргүүлжээ

Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна. Санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлжээ.

Маргааш буюу сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа. Санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг өчигдөр санал авах байруудад хүргүүлсэн байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна