Улстөр судлаач Ц.Мөнхцэцэг: "Мэтгэлцээнгүй мэтгэлцэв" гэж дүгнэж байна

2017/06/25
Өчигдөр явагдсан мэтгэлцээний талаар мэргэжлийн хүний хувьд дүгнэлтээ хэлээчээ гэсэн хүсэлт ирээд байгаа тул товчхон байр сууриа илэрхийлье. (Сонгуулийн санал хураалт дууссаны дараа энэ удаагийн сонгуулийн үйл явц, сурталчилгааны чиг хандлага, сонгогчдын хүлээлт, сошиал болон уламжлалт сувгуудын үүрэг нөлөө зэргийг задлан үзсэн анализ өгүүллээ олон нийтийн хүртээл болгоноo)

Ингээд өчигдрийн мэтгэлцээний талаар товч ажиглалтаа хэлье.

Мэтгэлцээн ерөнхийдөө иргэдийн дунд байсан хүлээлтэнд хүрсэнгүй. Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн орой ганц удаа зохион байгуулсан нь үнэхээр хангалтгүй байна. Уг нь Телевизүүдийн холбооны хийх гэж байсан шиг тодорхой сэдвүүдээр хэд хэдэн удаа мэтгэлцээн явсан бол хүмүүст илүү хэрэгтэй байлаа. Тэгсэн бол энэ гурвын мөрийн хөтөлбөр, юу хийх талаар сайн мэдэх байв.

Нэг авууштай нь энэ удаа МҮОНТВ иргэдээс ирсэн бүх асуултыг www.election2017.mnb.mn сайт дээр тавьж байсан нь судлаач бидэнд болон сонирхсон хүмүүст хэрэгтэй зүйл болсон. Өмнөх сонгуулиудад бол эднийх үзэгчдээс ирсэн асуулт гээд яг ирсэн үү, өөрсдөө хийсэн үү гэдэг нь тодорхойгүй асуултууд явуулдаг байсан. Тийм учраас энэ удаа MYOHTB мэтгэлцээнийг үнэхээр шударга явуулах эсэх, үзэгчдээс хамгийн их ирж байгаа асуултуудыг асууна гэснээрээ асуух эсэхийг хөндлөнгөөс хянахын тулд манай судалгааны хүрээлэнгээс www.election2017.mnb.mn сайт дээрээс гурван нэр дэвшигч тус бүрээр нэгбүрчлэн гаргаж хэнд ямар асуултууд их давтагдаж байгааг анализ хийж үзсэн. Ингэхэд Х.Баттулга, С.Ганбаатар нарт сөрөг шинжтэй асуултын давтамж маш өндөр байсан бол М.Энхболдын хувьд сөрөг цөөн, төвийг сахьсан асуулт дийлэнх байсан.

Бид сонгуулийн сурталчилгааны явцад иргэдийн дунд фокус бүлгийн ярилцлагууд удаа дараа хийж сурталчилгааны талаарх байр суурийг тодруулахад сонгогчдын дунд мэтгэлцээсэй, мэтгэлцээнийг үзэж байж л хэнд өгөхөө шийднэ дээ гэсэн хүлээлт өндөр байгаа нь харагдсан. "Та мэтгэлцээнээр яг ямар асуудал яригдаасай гэж хүсэж байна?" гэж асуухаар "Гадуур яригдаад байгаа 60 тэрбум, Төмөр зам, 50 сая вон зэрэг сенсаац бүхий асуудлуудад нэр дэвшигчид юу гэхийг өөрийн амнаас нь сонсоё, чихээр сонсох нэг өөр, нүүр нүүрээ харж байгаад өөрсдөө юу гэхнүү гэдгийг харья" гэсэн хариултыг дийлэнх нь хэлж байсан. Харин нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь яг юу вэ, ямар ажил хийхнүү гэдгийг сонирхсон, мөрийн хөтөлбөр уншиж үзсэн хүн бараг байсангүй.

Саяхан явагдсан Францын болон Өмнөд Солонгосын сонгуулиудтай харьцуулахад манай энэ удаагийн сонгууль бодлогын өрсөлдөөн болсонгүй. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй асуудал, бодлогын шийдэл, мөрийн хөтөлбөр тун бага яригдлаа. Олны анхаарал татсан сенсаац мэдээллүүд л давамгайлав. Сонгогчид үндсэндээ "харанхуй" байсаар санал хураалтын өдөртөө золгож байна. Би 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг "Мэтгэлцээнгүй сонгууль боллоо" гэж анализ өгүүлэлдээ бичиж байсан. Энэ удаа ч мөн адил "Мэтгэлцээнгүй мэтгэлцэв" гэж дүгнэж байна.

Улстөр судлаач Ц.Мөнхцэцэг



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна