Ц.Оюунбаатар: МАН, АН Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдож байна

2017/06/26
МАХН-ын сонгуулийн штабаас цаг үеийн асуудлаар шуурхай хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд сонгуулийн штабын ахлагч Ц.Оюунбаатар, хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан нар оролцов. Сонгууль өгөх үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ цаг үед МАН, АН-ын зүгээс иргэдийн саналыг хууль бусаар авах оролдлогыг маш ихээр гаргаж байна гэж тэд мэдэгдэв. Энэ талаар штабын ахлагч Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон бусад хуулийг зөрчих явдал хавтгайрч байна. МАН, АН-ын хүмүүс иргэдийн саналыг 20, 50 ,100 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Үндсэн хуулийн III зүйлд төрийн эрхийг хууль бусаар авах тухай заасан байдаг. Энэ зүйл заалтыг зөрчсөн явдал болж байна. Үүнээс гадна өрсөлдөгч намууд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг сонгуулиас нэрээ татсан мэтээр худал цуурхал маш их тарааж байна. Ийм зүйл байхгүй. С.Ганбаатар хуулийн дагуу өрсөлдөж байгаа. Төрийн эрхийг авахын төлөө авлигын кампанит ажил өрнөж байна. Гол нь ийм үед сонгогч та саналаа битгий худалдаарай. Өөрийнхөө сонголтоор саналаа өгөөрэй. Та эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа худалдаж болохгүй” гэв.

Түүний дараа МАХН-ын штабын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан “МАН-аас саяхан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр АН-ыг мөнгө тарааж байна гэж мэдэгдлээ. МАН-ынхан ч Баянгол дүүрэгт мөнгө тарааж байсан бичлэгийг АН-ынхан гаргаж байна. Энэ хоёр нам нэгнээсээ ерөөс ялгаагүй. АН гэхэд нэг тэрбум 80 сая төгрөгийг баруун гурван аймагт тараахаар явж байгаад баригдлаа. Үүнийгээ намын дарга нь таван өөр тайлбарыг өгч байгаа нь харамсалтай. Тодруулбал, намынхаа ухуулагч нарыг цалинжуулах төгрөг байсан гэнэ. Нэг тэрбум 80 сая төгрөгийг авч явсан баримт дунд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт тараахдаа 20000-аар 17000 хүнд, 10000-аар 1800 хүнд тараах тухай баримт байсан. Нийт нэг аймагт 18800 хүнийг цалинжуулахаар байж. Тэгвэл хууль ёсоор бол улсын хэмжээнд нийт 4000 шадар туслах, 10000 ухуулагч байх боломжтой. Нэг аймагт биш улсын хэмжээнд шүү. Тэгээд ч ухуулагч цалин авах ёсгүй. Гэтэл нэг аймагт 18800 хүнийг цалинжуулна гэсэн нь үндэслэлгүй худлаа тайлбар. Ийм бодит үйл явдал өрнөж байхад Сонгуулийн ерөнхий хороо ямар нэгэн тайлбарыг одоог хүртэл хийхгүй байна. Тэгсэн хэрнээ манай нэр дэвшигч С.Ганбаатарын талаар хууль зөрчиж шүүхийн өмнөөс тайлбар хийсэн. Цагдаагийн байгууллага ч тэр. Нэр дэвшигч хууль зөрчсөн бол нэр нь татагдах эсэхийг цагдаа ч, СЕХ ч мэдэгдэх эрхгүй. Үүнийг шүүх л тогтоох ёстой. Бид энэ асуудлаар СЕХ-нд гомдол гаргаад байгаа. Одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөхгүй байна” гэлээ.

Б.Заяа 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна