Сонгуулийн ерөнхий хорооноос яг одоо мэдээлэл хийж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж гурван тогтоол гаргажээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нэг сая 988 мянга 868 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс нэг сая 357 мянга 788 иргэн санал хураалтад оролцжээ.
Энэ нь нийт сонгогчдын 68.27 хувь юм. Иймд сонгуулийг хүчинтэйд тооцож байгаа. Гэвч нэр дэвшигчидийн саналын зөрүү Х.Баттулга 517478 иргэний санал авч 38.11 хувь, М.Энхболд 411.748 иргэний санал авч 30.3 хувь, С.Ганбаатар 409.899 иргэний санал авч 30.19 хувийн санал тус тус авсан.
Иймээс дахин санал хураалтыг ирэх сарын 9-ний өдөр явуулахаар тогтоол гаргасан байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо. Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна.
Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Энэ Сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой. Мөн сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн. Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна" гэв.
Анхан шатны сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн Цогт суман дээр сүлжээний кабелийг тасалснаас мэдээгээ дамжуулж чадахгүй байжээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна