2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулсан. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 30,32 хувь, Х.Баттулга 38,11 хувь, МАХН С.Ганбаатар 30.19 хувийн санал авч, нийт сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөлөө. Хэдийгээр сонгуулийн ирц хүрсэн ч нэг нэр дэвшигчийн санал 51-ээс дээш хувьд хүрээгүй тул дахин санал хураалтыг олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд явуулахаар болсон юм.
Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагыг бүрэн эрхээр нь хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээжлит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж, танай байгууллага сонгуулийн үр дүнтэй холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад албан ёсны мэдэгдэл хийснийг Улсын Их Хурлын гишүүн миний бие хуульд заасан үндэслэлүүдийн дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.
Иймд Монгол Ардын Хувьсгалт намаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Ардын Хувьсгалт нам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд санал өгсөн нийт 409.989 дэмжигч сонгогчдыг төлөөлөн дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас хойш Монгол Ардын Хувьсгалт Намын нэр дэвшигч нь 10.000 орчим саналаар Монгол Ардын Намын нэр дэвшигчээс илүү явсан боловч огцом санал унаж улмаар 24:00 цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн шууд дамжуулалт зогссон. Уг үйлдлийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг олон нийтэд бичгээр гаргаж өгөх.
Хоёр. Утсан болон интернэт сүлжээ байхгүйгээс нэр бүхий аймгуудын саналын тоог тоолох боломжгүй, удааширсан хэмээн хариуцлагагүй тайлбаруудыг танай байгууллагын зүгээс удаа дараа хийсээр байна. Иймээс хоцорсон аймгуудын хэсгийн хороодын саналуудыг нэн даруй Улаанбаатар хотод битүүмжлэн авчирч, намуудын төлөөллийг байлцуулан гараар тооллого хийн олон нийтэд мэдээлэх.
Гурав. Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т "Дахин санал хураалтыг энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулна" хэмээн заасан байна. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 04-ний дотор санал хураалт явуулах ёстой байтал 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр санал хураалт явуулахаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байх эрх зүйн бүрэн үндэслэлтэй байгаа бөгөөд аймгуудын наадамтай давхцуулан сонгуулийн ажлыг зохион байгуулах гэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдана гэх итгэл төрүүлэхгүй байна. Тиймээс Монгол Ардын Хувьсгалт Намын авсан 409.989 санал нь нэмэгдэх бүрэн үндэстэй байгаа тул зохих хууль тогтоомжийн дагуу тэмцэл явуулахаа үүгээр мэдэгдэж байна.
Дээрх шаардлагын дагуу нэн даруй арга хэмжээ авч, Улсын Их Хурлын гишүүн надад хариу тайлбар ирүүлнэ үү" гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна