МАН-ын удирдлагууд болон тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд нар сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд нэр дэвшигч М.Энхболд “Юуны өмнө намайг дэмжиж, саналаа өгсөн сонгогчид, намын штабын ажилтан, идэвхтэн зүтгэгчид болон намын нөхдөдөө чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Сонгуулийн эцсийн үр дүн гараагүй байгаа ч цаашид юу ч болсон улс орныхоо эдийн засгийн өөд татах, хямралаас гарах арга хэмжээг авч ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө би олон түмнээ, төрийн сонгуулиа хүндэлж, шударга өрсөлдөх уриалга гаргаж, нөгөө хоёр нэр дэвшигчдээ алд цэнхэр хадаг хүртэл хүргүүлж байлаа.
Гэтэл миний уриалснаар болсонгүй. Энэ сонгууль иргэдийг өдөөн турхирсан, эвлүүлэг хэрээсээ хэтэрсэн, гүтгэн доромжилсон, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяаар нь хандив авсан сонгууль боллоо. Би үүнд харамсч байна. Ийм ч учраас дахин санал хураалт болох үндэслэл боллоо гэж харж байна. Манай нам улс төрийн өндөр соёлтой нам.
Сонгуулийн үеэр янз бүрийн мэдээлэл, эвлүүлэг явсан. Тэр бүрт нь тайлбар хэлсэн. Тухайлбал, сонгуулийн мэтгэлцээний үеэр МАН яагаад амлалтаасаа буцсан талаар би тайлбарласан. Газрын наймаачин гэдэг асуудлыг олон жил ярьж байна. Би мөн л тайлбарлаж хэлсэн. 60 тэрбумын асуудлыг сөхөж байсан.
Үүнийг би эвлүүлэг гэдгийг хэлсэн. Иргэдийн сонгуулийн идэвх өчигдөр сайн байсан. Улс орны нөхцөл байдал, үндэсний их баяр наадмаа ч бодсон долдугаар сарын 09-нд хуулийн дагуу зохион байгуулж, ард түмэн санал хураалтад идэвхтэй оролцож, тухайн өдрөөр дуусгавар болох нь зүйтэй гэж бодож байгаа. Иргэд, олон түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгуулиа үр дүнтэй болгоё гэж уриалж байна” гэж ярилаа.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад нэр дэвшигч М.Энхболд хариулт өглөө.
-МАХН-ын зүгээс 30 гаруй мянган саналын зөрүү гарлаа гэж мэдээллээ. Тэд саналыг будилаантууллаа гэж ярьж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-МАХН-ын удирдлагуудын мэдээллийг би сонссон. Улс төрийн сонгууль өндөрлөсний дараа МАН руу дайрах явдал тогтмол гардаг. Буруу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг дайрдагаа болих хэрэгтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны саналыг яагаад нэмэгдсэн, миний санал яагаад 10 мянгаар нэмэгдсэнийг эргэлзээ байгаа бол хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн ерөнхий хороог шалгая, энэ хардлага сэрдлэгийг арилгая гэж байгаа бол бид хамтраад шалгахад бэлэн байна.
-Гэхдээ долдугаар сарын 09-нд Үндэсний их баяр наадам гээд ирц хүрэхгүй, дахин сонгууль болох вий гэж иргэд ярьж байна?
-Долдугаар сарын 09-ний өдрийг хуулийн хүрээнд тооцоолж, сонгосон болов уу. Дахин санал хураалт бол нэлээд хөрөнгө хүч, саналын хуудас зэргийг хэвлэх зэргээр хугацаа шаардана. Тиймээс бүгдийг тооцоолж энэ өдрийг сонгосон байх гэж бодож байна.
-Д.Амарбаясгалан: Манай намын нэр дэвшигчийг 10 аймаг дээр илт давуу дэмжиж, саналаа өгснийг хүн бүхэн харсан байх. СЕХ-ны шууд дамжуулалтын үеэр баруун аймгуудад саналын тоо өндөр байсан. Мөн шууд дамжуулалтын үеэр 1983 хэсгийн хорооноос 290 орчим хэсгийн хорооны санал нэгтгэгдэж ирээгүй байсан. Газар нутгийн хувьд бэрхшээлтэй байдаг учраас саналын дүн оройтож байгааг СЕХ хэлж байсан.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна