С.Ганбаатар: Сонгуулийн ерөнхий хорооны булхайтай шийдвэрийг хүлээн зөвшөөрч тэднийг амтшуулж болохгүй

2017/06/27
МАХН-аас сонгуулийн дүнтэй холбогдуулан  мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар үг хэлэв.

Тэрээр “СЕХ-ны хорооны мэдээг сонслоо. Хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн Эрс шинэчлэл хөдөлгөөнөөр удирдуулсан иргэний нийгмийн байгууллагууд олон жил гадуурхагдаж зовж зүдэрч Монголын төрд хяналт хариуцлагыг бий болгохын төлөө тэмцсэн. Монголын ард түмэн хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон олон ард иргэд зүтгэж тэмцэж байна. Энэ хүмүүсийн өмнөөс луйвартай эвлэрч чадахгүй. СЕХ луйварчдын гар хөл болж илбэ үзүүлдэг байгууллага болсон. 35000 амьгүй албатыг тэд бий болгосон. Энэ хоёрхон өдрийн дотор 35000 хүмүүсийг шинээр бий болголоо.

Монголын ард иргэд тусгаар тогтнол мандан бадрал язгуур эрх ашгийнхаа төлөө ардчиллаа аврахын төлөө хууль бус ёсзүйгүй зүйлтэй эвлэрч болохгүй. СЕХ-ын шийдвэр илбэ, луйвар байсныг баримтаар нотолж чадна. Олон жишээ бий. Сонгуулийн ерөнхий хорооны булхайтай шийдвэрийг хүлээн зөвшөөрч тэднийг амтшуулж болохгүй. Олон жил даварлаа. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт олон шинэ ажлын байр бий болгох төлөвлөгөөнийхөө төлөө бид хүлээн зөвшөөрч болохгүй. Тэтгэвэр нэмэх, эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулах, Монгол орны эдийн засгийг өөд нь татах, уул уурхайн баялгийн асар том хулгайг Монголдоо ашигтай болгож хэлэлцээрүүдийг эргэн харах, мал аж ахуйн хүчирхэг салбараа сэргээх есөн зүйл бүхий гэрээгээ бид хэрэгжүүлнэ. Бид энэ тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ-ын Монголын ард түмний өмнө үнэнээр ажилладаг болтол нь шударга ёсны шийдвэр гаргадаг болтол нь тэмцэнэ.

Хамгийн гол нь Монголын төрийг хяналттай, хариуцлагатай сахилга баттай байлгах энэ үйл ажиллагааныхаа төлөө тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо маш их баярлалаа. Бид ялсан. Зөвхөн Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Монголын ард түмний сонгууль байлаа. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. Сонгуулийн компанит ажил ажилгүйдэл ядуурлаас хэрхэн гарах талаар ярьсан болохоос хувь хүний гэр бүл, цусны талаар нэг ч үг дуугараагүй. МАХН-ын олон зуун идэвтхэн сонгуультан иргэний нийгмийн байгууллагын хоёргүй сэтгэлээр цалин хөлсгүй зүтгэсэн олон зуун ухуулагч сурталчилагч анд найзууддаа баярлалаа. Та бүхний олон жил, олон өдрийн зүтгэлийг үр дүнд хүргэнэ. Нурах байшин дотроосоо. МАНАН нурж унаж байгаагаа анх удаа хүлээн зөвшөөрлөө. Ард түмний хуурч, худалдаж авч болно гэдгээсээ цочирдлоо.” гэлээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна