СЕХ-ны даргын гурван өдрийн гурван өөр мэдэгдэл

2017/06/28
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнг танилцууллаа. Мэдээж хэрэг, АН-ын Х.Баттулга 517.478 санал буюу 38.11 хувь, МАН-ын М.Энхболд 411.748 санал буюу 30.32 хувийн саналаар дахин санал хураалтад оролцох болсон. Харин МАХН-ын С.Ганбаатар 409.899 буюу 30.19 хувийн санал авч өрсөлдөөнөөс хасагдсан гэлээ.

Гэхдээ СЕХ, түүний дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлэлтэй холбогдуулан улстөрийн зарим нам болон олон нийтийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Учир нь СЕХ-ны мэдээллүүд зөрүүтэй байгаа ажээ. Тухайлбал 1.318.511 хүн санал өгснөөс 18.653 саналын хуудас хүчингүй болсон гэж байгаа.

Гэтэл энэ тоогоор бол 1.299.858 саналын хуудас хүчинтэй байж таарах гээд байгаа юм. Харин нэр дэвшигчдийн авсан санал 1.339.125 байна. Эндээс зөрүү болж, 39.267 санал илүү гараад байгаа юм. Ингэхээр олон нийт болон МАХН-ын зүгээс дээрх 39.267 санал буюу ойролцоогоор 35.000 сонгогчийг СЕХ илбэдэж гаргаж ирэв үү гэж асуугаад байгаа ажээ.

Түүнчлэн нэг чухал асуудал бол санал хураалтын орой /2017.6.26/ сонгуулийн тойрог, хэсгүүдээс тун шуурхай ирж байсан тоон мэдээ гэнэт гацсан. Ингээд МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын санал өсч, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарынх таг гацаж, улмаар өглөө болоход 14 мянга гаруй саналын зөрүүтэй байсан дээрх эрхмүүдийн байр солигдож, М.Энхболдын авсан санал С.Ганбаатарынхаас давж одсон байсан. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн өгсөн тайлбарууд анхаарал татаж байгаа юм. 

2017 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 25-НЫ 13:00 ЦАГ

“...Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 25 мянган төрийн албан хаагч 1983 санал авах байранд ажиллана. Тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн. Сонгогчдын нэрсийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн. Улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч ажиллана.

Дүнг  22:00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ. Саналыг 22.00 цагаас хойш дэлгэцээр секунд тутамд харуулж, мэдээлнэ”

2017 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26-НЫ 00:30 ЦАГ

“...Одоогоор нийт 1984 санал авах байрнаас 1836 санал авах байрны дүн ирээд байна. Зарим багууд дээрх санал авах байр сүлжээгүй газарт байрладаг гэсэн шалтгаанаар дүн нь ирээгүй байгаа. Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр бий”.

2017 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27-НЫ 11:30 ЦАГ

“...Санал хураалтад 1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Хамгийн сүүлийн хэсгийн хорооны  дүн 09:10 цагт ирсэн.  Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. “Мобиком, Юнителийн сүлжээ тасарсан гэх тайлбар өгсөн. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана”.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна