Г.Ганбаяр: Баян-Өлгийн саналыг гараар тоолох шаардлага хүргүүлсэн

2017/06/28
МАН-аас цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.

Г.Ганбаяр: СЕХ-нд гараар тоолох шаардлага хүргүүлсэн

Өнөөдөр МАН-ын зүгээс СЕХ-нд саяхан шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын талаар товчхон мэдээлэл хийе. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигч 6 дугаар сарын 26-ны өдөр болсон санал хураалтаар хэн нь ч олонхийн дэмжлэгийг авч чадаагүй.

Ингээд хуулийн дагуу хоёр дахь санал хураал 7 дугаар сарын 09-нд болохоор тов нь зарлагдсан. 6 дугаар сарын 26-нд болсон санал хураалтын дүн Баян-Өлгий аймаг дээр хоцорч СЕХ-ны сервер дээр орж ирсэн. Энэ асуудлаар МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын  дүнд манай намыг нөлөөлсөн мэтээр мэдэгдэл хийж асуудалд хандаж байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна. Баян-Өлгий аймаг дээр маргаан үүсгээд буй 35.000 саналын хуудсыг тоолох асуудлыг тэд тавьж байгаа. Бид Баян-Өлгий аймаг дээр байгаа саналын хуудсыг бүхэлд нь тоолох, гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ. 

Сонгуулийн нэгдсэн хуулийг 2015 онд  хэлэлцэж байх тухайн үед бид сөрөг хүчин байсан. Энэ үеэр сонгуулийн автомат машинаар тоолох, мөн гараар тоолъё гэсэн саналыг сөрөг нам байхдаа МАН тавьж, ажлын хэсэгт нь хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч тухайн үеийн эрх баригчид энэ хуулийн төслийг боловсруулж байсан ажлын хэсэг хүлээж аваагүй. Зөвхөн 50 хувь хүртэлт нь техникийн тооллого явуулъя гэсэн зүйлийг хуульд оруулж өгсөн. 

УИХ-ын гишүүн А.Бадельхан: Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан

Тэрбээр “Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Малчид аймгийн төвөөс 200 км хол зусланд гардаг. Сонгуулийн хэсгийн хороо зарим хэсгээс алслагдсан байдалтай байдаг. Жил бүр оройтдог. Алтай Таванбогд чиглэлээс саналын тоо оройтож ирдэг. Тэр хэсэгт цагдаа, намуудын төлөөлөл ажиллаж байсан. Тиймээс хуулийн дагуу явсан гэж үзэж байна” гэв. 

Мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Баян-Өлгий аймгийн хэдэн сум үүрэн телефоны сүлжээнд холбогдсон байдаг вэ?

-Манай аймаг 12 сумтай. Сумын төвүүд бүгд үүрэн телефоны сүлжээнд холбогдсон байгаа. Гэхдээ багууд зарим газраа сүлжээгүй байдаг. Зуслангийн хэсэг бас сүлжээ муутай. Тиймээс сонгуулийн дүн хоцорч ирсэн гэж үзэж байна. Сонгууль хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байгаа. Ардын намаас бүх хэсгийн хороодын саналыг дахин тоолох санал тавьсан. 

Сумын төв үүрэн телефонд холбогдсон. Ихэнх багууд сүлжээгүй. Зарим газар мэдээлэл хүрэхэд зам бартаатай учир хэцүү байдаг. Сонгуулийн дүн дээр Баян-Өлгий аймгийн мэдээлэл хоцорч орж ирсэн гэж мэдээллээд байгаа. Говь-Алтай аймгийн суманд цахилгаан тасарсан гэсэн мэдээлэл өгч байгаа. Дахин санал хураалтад МАН руу дайрч байгаа нь гар тооллогыг зайлшгүй хийх ёстой гэж үзэж байгаа. 

СЕХ-нд хоёр нам шаардлага хүргэж байгаа. Танай намын байр суурь ямар байна вэ?

Энэ бол СЕХ-ны мэдэх асуудал. Дахин сонгууль явуулахад хугацаа орох болов уу гэж бодож байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна