Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

2017/06/28

Монгол Ардын Нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдаад байгаа С.Ганбаатарын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа  илэрхийлэн Баян-Өлгий аймгийн 35 мянган иргэд, сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн байна. Ингэхдээ гурван намын төлөөллийг байлцуулах хүсэлтийг мөн гаргажээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж үг бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд дараагийн сонгуульд оролцох бололцоогүй болсон С.Ганбаатар МАН-ыг Баян-Өлгий аймгийн сонгогчдын санал хураалтын дүн мэдээнд нөлөөлсөн гэдэг мэдэгдлийг олон нийтэд хийсэн.

Дээрх асуудлаар МАН -ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах гадрын дарга Г.Ганбаяр болон УИХ-ын гишүүн Х.Баделхан нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийж  МАН-аас СЕХ-д  шаардлага хүргүүлж байгаа учир шалтгааныг тайлбарлалаа. Сонгуулийн тухай хуулийг 2015 онд хэлэлцэж байх үед  сонгогчдын саналыг автомат машинаар тоолохын зэрэгцээ гараар давхар тооолох саналыг тухайн үеийн сөрөг хүчин МАН-аас гаргаж байжээ. Гэтэл тухайн үеийн эрх баригч АН-ынхан саналыг хүлээж аваагүй бөгөөд зөвхөн 50 хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчилсан байна. Энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн саналын хуудаст тооллого хийхэд ямар нэгэн зөрүү гараагүйг сонгуулийн төв байгууллага мэдэгдсэн.

Гэтэл  С.Ганбаатар нь бодит байдалд нийцэхгүй мэдэгдэлийг олон нийтэд өгсөнд тус аймгаас УИХ-д сонгогдсон  гишүүн  Х.Баделхан харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн сонгууль бүх шатандаа хуулийн хүрээнд болсон. Энэ аймгийн малчид аймгийн төвөөс 200 гаруй км-ийн зайтай нутагладаг. Зарим газар хэсгийн хороод аймаг, сумын төвөөс алслагдсан, сүлжээ барих боломжгүй газарт зусч байгаа. Тиймээс сонгуулийн дүн оройтож ирдэг. Хэсгийн хороодод намуудын төлөөлөл, цагдаагийн ажилтнууд хяналт тавьсан. Тиймээс сонгууль хуулийн хүрээнд болсон” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна