Хоёр дахь санал хураалтыг баасан гарагт явуулахаар боллоо

2017/06/28
Ч.Содномцэрэн: Бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 07-ны өдөр явуулахаар боллоо

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна.

Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн.

Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудсын хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан.

Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан.  Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо.

Ц.Болдсайхан: Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой
 
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй.

Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа.

Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна.

Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна.

Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм6

Баян-Өлгий аймгийн саналыг тоолох асуудал дээр СЕХ хэлэлцэж, тооллого явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Сонгуулийн хууль батлагдах үед техникийн тооллогыг 100 хувь тоолъё гэдэг саналыг хүргүүлэхэд авч хэлэлцээгүй. Улс төр хийж, тоглоом хийхгүй байх хэрэгтэй".

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Долоодугаар сарын 4,5-ны өдрөөс санал хураахаар СЕХ шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан.

Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран уриална. 68 хувь гэдэг бол өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харуулсан. Энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна.

Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй.

Ирвэл урамшуулдаг, ирэхгүй бол торгодог орон байна.

Харин Монгол Улсад ийм зүйл байхгүй учраас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална".

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү: Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй

Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй. Нарийндаа Улаанбаатар хотод хоёр талд бүртгэл хийсэн. Нэг талаараа хурууны хээгээр, нөгөө талаар гарахад нь хурууг нь будсан хоёрыг бүртгэсэн. Энэ хоёр огт зөрөөгүй. Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй. 

Монголчууд сүүлийн хэдэн жил маш их нүүж, шилжсэн байгаа. Энэ нь Сонгууль өгөх үед л харагдаж байгаа юм. Олон Улсын ажиглагчдын хурал дээр сөрөг янз бүрийн буруу мэдээллээр сонгогчдын сэтгэл зүйг эвдэж байна гэж хэлж байсан. Тиймээс элдвийн мэдээлэлд автахгүй байхыг сануулмаар байна. 

Ихэр хүний хувьд нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг хаяг дээр байсан. Регистрийн дугаар нь өөр, санал өгөх газар нь өөр байсан". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Үндсэн хуульд сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно гэсэн байгаа.

Ирц болон саналын тоо аль аль нь чухал. Тухайн дүүргийн нийслэлийн Засаг дарга нар шийдвэр гаргадаг. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна