С.Баярт баяр хүргэе

2017/06/29

Англи дахь Монголын Элчин сайд бол С.Баяр. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан. Бас ОХУ-д Элчин сайдаар сууж байсан. Гэхдээ түүнд үүнээс том тодотгол бий. Монголын сонгуулийн тун дээгүүрт бичигдэх стратегич, сүүлийн жилүүдэд дэлгэрээд байгаа нэршлээр бол маш сайн PR-чин юм.

С.Баяр сүүлийн жилүүдэд явагдсан бүх том сонгуульд МАН-ын штабыг албан болон албан бусаар удирдаж орсон. Ерөөс С.Баярыг магтъя гэвэл дээрх үгээр хэлж болно.

С.Баярт нэг онцлог бий. Тэр бол сонгуульд унагахаа унагаж, гаргахаа гаргадаг хүн. Хүмүүс санаж байгаа даа, 2009 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хоёр дахь удаагаа өрсөлдөхөд намынхаа Сонгуулийн штабыг удирдсан. Н.Энхбаярыг унагасан. Унасных нь дараа мөн чих үг хэлсэн дээ. Харин сая Элчин сайдаар ажиллаж байгаа ч сонгуулийн өмнөхөн Монголд ирж, Тусгаар тогтнолын ордон дахь өрөөнөөсөө гаралгүй шахам байж сонгууль дуусгасан. Уг нь тэр сонгуулийн өмнө “Намынхаа сонгуулийг удирдах уу” гэсэнг сэтгүүлчийн асуултад “...Би Элчин сайд хүн. Сонгуульд ажиллавал хууль зөрчинө” гэж байв. Гэвч тэрээр хуулиа зөрчиж сонгууль удирдав. М.Энхболдыг бараг унагачихлаа. Тийм ээ, тэр унагахаа унагадаг, гаргахаа гаргадаг л PR-чин. Хүссэнээ хийж чаддагт нь С.Баярт баяр хүргэе. Харин тэр одоо М.Энхболдын талаар юу хэлэх нь сонин байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна