МАХН-ынхан хяналтын тооллогот оролцохоос татгалзжээ

2017/06/30

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу хүчингүй болж, дахин санал хураалтыг энэ сарын 07-ны өдөр явуулахаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тов зарласан. Гэвч өнгөрсөн сонгуулийн саналыг гараар тоолох, хяналтын тооллого хийх ажил багагүй маргаан дагуулж байгаа гэнэ. Санал хураалтын орой  МАХН-аас “МАН-ынхан саналыг луйвардсан. Манай нэр дэвшигч 10 гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан. Баян-Өлгий аймагт сонгууль будлиантуулсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн Ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахан дайрцгаасан.

Энэхүү мэдэгдлийн дагуу МАН, АН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолж, хяналтын тооллого хийхээр болжээ. Гэвч МАХН-ынхан энэхүү хяналтын тооллогод оролцохоос татгалзсан байна. МАХН-ын хувьд Баян-Өлгийчүүдийн саналыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэхдээ Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн хувьд нэг цагийн зөрүүтэй, санал хураалт Улаанбаатарын цагтай харьцуулахад нэг цагийн дараа эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн олон нийтэд мэдээлээгүй, хий хоосон хардлага үүсгэсэн гэж бухимдах хүмүүс ч цөөнгүй байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна