Р.Эмүжин: Дуучин Нараад М.Энхболдыг дэмжсэнээс өөр гэм үгүй

2017/07/04
Монголын "Мексик хана"

Дуучин, жүжигчин Нара руу хүмүүс дайрч байна. Сүүний чиглэлийн үнээ, янхан, биеэ үнэлэгч...за бүр ээж, эмээ нь баймаар эгч нар эвгүй хараалыг элдвээр урсгав. Баянголд олон оны турш ноёрхлоо тогтоосон С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвших зориг гаргасан энэ бүсгүйд М.Энхболдыг дэмжсэнээс өөр гэм үгүй. Уг нь тэр эх хүн. Цагаан сүүгээрээ үрээ өсгөсөн, амьдрал үүрч яваа олон олон ээж нарын нэг. Гэвч түүнийг амьдаар нь барьж идэж, багалзуурдан чарлацгаав. Энэ муухай хатуу үгс, хар хор хаанаас бий болов оо? Залуу хүн туйлшрах зэрэг алдаа гаргасан л байх. Алдаа гаргасан болгон нь хүний тооноос хасагддаг болчихсон юм уу? Түүнийхээс том алдаа биднийг хүлээж байгааг яагаад хэн ч харахгүй байна аа?.

Америкт Д.Трампын сонгуулийн PR-аа хийсэн арга барил АН-ын сурталчилгааны багийнхны бодлогогүй үйлдлийн улмаас монгол хөрсөнд буухдаа ийнхүү "Баттулга стайл" болж хувирсан нь энэ. Д.Трамп цагаачдад хатуу бодлого баримтлахаа илэрхийлж, цагаан арьст, цэвэр цусны америкчуудыг дэмжинэ хэмээн мэдэгдсэн нь түүний сурталчилгааны ажлын амин судал байлаа.

Уг нь АНУ олон үндэстний, цагаачдын орон. Нөгөө Трампад адлагдсан цагаачдынх нь тоонд манай мянга мянган монгол залуус, гэр бүл бас багтаж буй. Трампын стайлыг Монголд бүдүүлгээр хуулбарлахдаа Х.Баттулгын бодлогогүй PR-чид ялалтаас цаадхыг харсангүй. Цөс ихтэй, зүрх чанга монголчуудыг хятад, орос, солонгос, энэтхэг, вьетнам, англи, америк, германы эрлийз, хурлийзуудын эсрэг цаад утгаар нь турхирав. Энэ бол Трампын бодоод олчихсон ч дуулиан биш. 1941 онд Гитлер дэлхий даяар хэрэгжүүлэх гэж оролдсон үйлдэл. Баттулга маш болхи, шууд утгаар нь хуулбарласан хэрэг. Эрлийз, хурлийзуудын үймээн газар авч, Монголд аж төрж буй гаднын иргэд, бэр, хүргэдүүд айдаст автлаа. Энхболд хужаа хоч зүүх юу ч биш, хүний нутгаас Баттулгад хань болж ирсэн орос бүсгүй эл сонгуулийн дүйвээнээр эрлийз гэгдээд буй хүүхдүүдээ тэврэн юу бодож суугааг таахад хэцүү. Тиймдээ ч Баттулга гэр бүлийнх нь тухай асуултанд "Маш нууц" хэмээн хариулсан биз.

Ийнхүү нэг өрсөлдөгчөө хужаа болгох гэж гүрийсэн биш, ардчиллын олон өнгө болох харь орны иргэдтэй худ ураг, элгэн садан, эмээ өвөө, ач зээ болон элгээ дэвтээсэн монголчууд энэ увайгүй сонгуулийн донсолгоонд хуйгаараа доргив. Хэлмэгдэв. Зугтав. Юун Монголоос мөнгө зугтах, хүн зугтаж байна. Хөршийн солонгос ээжтэй охид гэрээсээ гаралгүй хэд хоноод, өнөөдөрхөн Сөүлийг зорив. За яадаг юм, Монголыг тойрсон "Мексик хана"-аа босгоод бүгдээрээ дунд нь Нара-гаа элдвээр хэлээд, гал цогтой найрагч Ц.Хулантай адгийн үгээр арцалдаад, жүжигчид дуучдаа барьж идэж, шүдээ чигчлээд, надтай нанчилдаад, Эмүжин гэдэг монгол нэр мөн болов уу, хятад, солонгос, эсвэл хорват юм болов уу гэлцээд байж л байхаас... Энэ нар ядаж байхад Хятад, Оросын нутагт бас мандаад, Монголын нутагт орж ирэх юм, тэнгэрээ хааж "Мексик бүрхүүл" хийдэг юм уу яадаг юм?

Яруу найрагч Р.Эмүжин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна