С.Ганбаатар: Үзэгдэхүй чанартаа ялагдсан байж болох ч үнэн чанартаа ард түмэн яллаа

2017/07/06
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн үр дүнтэй хол­богдуулан таныг жагсч тэм­цээсэй гэж иргэд үзэл бодлоо илэрхийлж байсан. Та юу гэж бодож байна вэ?

-Би их тэмцэл хийсэн. Одоо сэтгэлээ барьж, өөрийгөө удирдаж чаддаг бол­сон. Ард түмний надад өгсөн саналыг нүдэн дээр луйвардахыг хараад зүрх сэтгэлдээ асар их шаналж хүндээр хүлээж авсан. Ард түмэн намайг 70-80 хувиар дэмжсэн ч аймшигтай их мөнгөний давалгаа, луйвар ямар хүчтэй юм бэ гэж бодсон.

Ялагдсандаа биш. Ард түмний төлөө хийж чадах байсан олон сайхан ажил маань тодорхой хугацаагаар хойшлогдлоо гэдэгт сэтгэл харанхуйлж байсан. Ажлын байрыг нэмэгдүүлэх, мал аж ахуйгаа хүчирхэг болгох, залуусаа өндөр боловсролтой болгох, эх орныхоо тусгаар тогтнолыг хүчирхэгжүүлэх гээд яг маргааш хэрэгжүүлэх ажлаа бодож төсөөлж суусан. Тоосоо хурдан гөвөөд босч ирээд өрөлт авахыг амжилт гэдэг. Тиймээс улам их тэмцэнэ.

Шүүх цагдаагийн бай­гууллагаар Сонгуулийн Ерөнхий хорооны луй­варж­сан. Монголын ард түмний миний төлөө өгсөн саналыг хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцохоор явж байна. Олон хүмүүс намайг жагсч, цуглаж өлсгөлөн зарлаач гэж байгаа. Би ард түмнийхээ саналын итгэл найдвар хандивын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ. Гэхдээ хүчирхийллийн бус аргаар тэмцэнэ. Дараагийн долдугаар сарын 1-нийг хүсэхгүй байна. Ард түмнээ хүнд байдалд оруулмааргүй байна. Харин хууль шүүхийн байгууллагаар тэмцлээ үргэлжлүүлнэ. Миний тэмцлийн бас нэг арга бол хулгайч луйварчдын эсрэг цагаан сонголт хийх Сонгуулийн хуулийг тайлбарлан таниулах явдал юм. Монголчууд мөнгөөр бус үзэл бодол үр хүүхдийнхээ төлөө саналаа өгдөг болсон. Ард түмэндээ баярлалаа аянаа Нарантуул худалдааны төвөөс эхлүүлж Хархорин, Хүчит шонхор захууд болон бүх аймгуудаар явж эхэлнэ. Сонгуулийн үр дүн ямар ч гарсан ард түмнийхээ төлөө тэмцсээр байх болно. Өмнө нь тэмцэж байсан. Цаашид ч тэмцэнэ. Хэрэв ялсан бол миний тэмцэл үр дүнд хурдан хүрч бодит үр дүн гарах байлаа. Гэхдээ улам хүчтэй тэмцэнэ.

-МАХН Сонгуулийн ерөнхий хороотой холбоотой асуудлыг УИХ-д хүргүүлсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын ард түмэн ялсан. Энэ их мөнгө, хар пиар, луйврын эсрэг ард түмэн өөрсдийнхөө сонголтыг хийлээ. Хагас сая хүн намайг дэмжсэн явдал бол мөнгөөр сонголтоо хийх биш үр хүүхдийнхээ төлөө зүрх сэтгэлээ дагадаг гэдгээ харууллаа. Олон аав, ээж үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийсэнд талархаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо МАНАН-гийнхан бидний ялалтыг луйвардсан. Бидний ард түмний төлөө хийх гэсэн олон ажилд гацаа үүсгэж булхай луйвар хийлээ. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороог бид шүүхэд өгсөн. Мөн татан буулгах шаардлагыг УИХ-д хүргүүллээ. Тэд 100 гаруй мянган саналыг луйвардаж авсан гэдгийг судалгаатай, үндэслэлтэй гаргаж тавьсан. Энэ дундаас 39 мянган хүн нэг өдрийн дотор шоронгоос гарч ирсэн гэдэг тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өгч байгаа. Ийм итгэл үнэмшилгүй, арчаагүй байж болохгүй. Сонгууль өгнө гэж бүртгүүлсэн хүмүүсээс сонгуульд оролцсон хүн 39 мянгаар илүү болчихоод байгааг бодоод үз дээ. Энэ олон амьгүй албатуудыг МАНАН-гийнхан бий болгосон. СЕХ-ны тал нь Ардын нам, тал нь Ардчилсан намынх. Тэгэхээр МАНАН-гийн аймшигт нүгэлд идээшиж хулгайд гаршсан хүмүүсийн өөдөөс Монголын ард түмэн ялалт байгуулж миний төлөө өгсөн хагас сая сонгогчдод баярлалаа гэдгээ хэлье. Ард түмнийхээ итгэлийг дааж ажиллана.

- Сонгуулиас хойш иргэдтэй нэлээд уулзах шиг боллоо. Цагаан сонголтыг  иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сонголтоо хийж байгаа хүмүүст МАН, АН-ын аль нэгийг дэмжээрэй гэж хэлэхгүй. Монгол орныг  өнгөрсөн жилүүдэд луйвардаж олон жил зовоолоо.  Иргэд ажилгүйдэл, ядууралдаа зовж байна. Ард түмэн сонголтоо баталгаажуулж сонгуулиа заавал өгөөрэй. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны хүрээнд хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч дугуйлахгүйгээр цагаан хуудас хийх бол иргэн та сонгуулиа өгч байгаа хэлбэр юм шүү. Үүнийг цагаан сонголт гэж нэрлэж байгаа. Ард түмнээ сонгуулиа өгөхийг уриалж байна. Гэхдээ хоёр хулгайчийн нэгийг нь гайгүй гээд сонгож болохгүй. Хулгайч л бол хоёуланг нь битгий сонго. Энэ бол нэр дэвшигч миний хувьд ард түмнийхээ хагас сая сонголтдоо үнэнч байж үүнийхээ төлөө зүтгэнэ гэсэн илэрхийлэл юм.

Нарантуул захаас эхлээд олон ард иргэдтэйгээ уулзлаа. Тэдэндээ баярлалаа гэдгээ хэлж байгаа. Олон зуун мянган хүн надад хандив өгсөн. Хандивын тоо бүртгэгдэж гарч ирнэ. Ард түмнийхээ хандиваар сонгуульд оролцсон анхны тохиолдол биднийх. Иргэдтэй уулзаад явж байхад цагаан сонголтыг маш сайн ойлгосон байна. “Ганбаатар аа саналаа чамд өгсөн. Одоо энэ хоёр луйварчны  алинд ч саналаа өгөхгүй. Иргэнийхээ үүргийг биелүүлж сонгуулиа өгөхдөө цагаан хуудас шургуулна” гэсэн хүмүүс их байна. Цагаан сонгуулийн утга учрыг олон түмэн таньж мэдсэн байна.  Би хэлж байгаа. Ард түмнийхээ хувь заяаг энэ хоёрын  хэнд нь ч даатгаж болохгүй. Гэхдээ заавал сонгуулиа өгөөрэй. Хуулийн  хүрээнд цагаан сонголт хийх эрх нь Монголын ард түмэнд байгаа гэдгийг тайлбарлаж явна.

-Хоёр нэр дэвшигчтэй холбоотой асуудал  дахин санал хураалтын өдрүүдэд  эрчимжиж байна. Хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?

-Би хоёуланг нь өрөвдөж байна. Дэндүү өчүүхэн байгаад нь гайхаж байна. Нэг нь 12 жил парламентад сууж хоёр удаа сайдын алба хашсан. Нөгөөх нь хотын дарга байсан. Олон жил парламентад сууж Их хурлын дарга хийж байгаа аль аль нь туршлагатай улстөрч. Гэтэл өчүүхэн зүйл ярьж,  тулга тойрсон  хэрүүл хийж байгааг хараад өмнөөс нь ичиж байна.  Миний хувьд зөвхөн хийх ажлаа л ярьсан. Мал аж ахуйн салбарыг хүчирхэг болгоно. Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулж дундаж давхаргыг бий болгох гээд бодлого, хийх ажлаа  ярьсан. Хоёр нэр дэвшигчид аймшигтай хэрүүл зарга, хар пиардаа ард түмнийг битгий оролцуул гэж хэлмээр байна. Олон залуучууд харж байна. Агуу хүн үзэл бодол, дунд хүн үйл хэрэг, адгийн хүн хүн  ярьдаг гэдэг.

Бид анх удаа ард түмнийхээ  хандиваар сонгууль хийсэн. Гадаад дотоодын янз бүрийн компаниас мөнгө аваагүй. Ард түмнээсээ хандив хүсч тэдний итгэл сэтгэлээр сонгуульд оролцлоо. Нөгөө хоёр маань ард түмнээс хандив гуйсангүй. Яагаад гэвэл урьдчилаад дээрэмдчихсэн. Ард түмнээс хулгайлах, дээрэмдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэгсэн дор гуйсан нь хамаагүй дээр. Ард түмэнд үйлчлэх ёстой байтал төрийн эрхийг дээрэмдэж булааж авахаар хууль зөрчин улайрч байна. Энэ удаагийн сонгууль олон давуу талтай боллоо. Бидний ялалтыг луйвардлаа гэж бодож байгаа бол үгүй. 1697 онд Галдан бошигт хааны хэлсэн алдартай  үг байдаг. Үзэгдэхүй чанартаа би ялагдсан байж болно. Үнэн чанартаа би яллаа гэж. Үүнтэй адил үзэгдэх  тоогоор би ялагдсан байж болно. Үнэн чанартаа ард түмэн яллаа. Монголын ард түмэн үр хүүхдийнхээ төлөө маш хүчтэй сонголт хийж чадлаа. Сэтгэлдээ багтааж чадвал их багын ялгаа үгүй гэж хэлсэн байдаг.Монголоо аваръя гэсэн сэтгэлд ард түмний хайр хүндэтгэл, итгэл сэтгэл багтчихлаа.  Монголоо аврах итгэл ард түмний сэтгэлд байгаа нь хамгийн том ялалт.

-Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх байх?

-Сонгуулийн үр дүнг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ ард түмэндээ итгэж байна. Гайгүй хулгайч гэж байхгүй. Тиймээс энэ хоёрыг битгий сонго. Харин хуулийн хүрээнд цагаан сонголт хийгээсэй гэж хүсч байна.

-МАХН болоод таны хувьд цаашид ямар үйл хэрэг явуулах вэ?

-Цагаан сонгууль хийж төмөр зам, төрийн албыг наймаалцсан хоёр хулгайчийг сонгохгүй байх хэрэгтэй.  Дахиад сонгууль болоход шударга зөв хүмүүсийг Монголын ард түмэн гаргаж ирнэ. Долоон тэрбум төгрөгийн зардлаа хэмнэхийн тулд аль ч хулгайчийг хамаагүй сонгоно гэдэг байж боломгүй зүйл. Долоон тэрбум төгрөгийн сонгуулийн зардал хэмнэх гэж байгаад 700 тэрбум төгрөг луйварддаг хүмүүсийг гаргаж болохгүйд учир нь байгаа юм. Монголын төр хулгайч нараасаа салах гэж сонгууль хийдгээс биш мөнгө хэмнэх гэж биш. Энэ утгаараа МАХН-ын хамт олон нэр дэвшсэн миний бие төрийг хулгайч нараас салгаж сонгуулиа шударга хийхийг уриалж байгаа юм. МАНАН өмхрөн  унаж байгаа. Нурах байшин дотроосоо гэдэг шиг МАНАН нурж унаж байгаа. Мөнгө, фракциуд гээд хулгайгаа булаацалдаж байгаа зодоонуудаас болж нуран унаж байгаа юм. Харин бид Монголын ард түмнийг аврах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнийхээ төлөө бид ард түмэндээ үйлчлэх болно.

Хагас сая монголчууд надад итгэлээ өглөө. Бид Монгол орноо аварна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч оросын их өрийг тэглэсэн. Бид өнөөдрийн 25 тэрбум ам.долларын өрийг ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлэхгүйгээр  тэглэнэ.  Монгол Улс эдийн засгийн хямралд ороогүй. Хулгайн хямралд өртсөн. Төрийг хулгайгүй, хариуцлагатай хяналттай болгоно. Хулгайч нарт хариуцлага тооцдог болгоно. Хууль шүүхийн байгууллага намчирхлаас хамааралтай байх ёсгүй. Уул уурхайн баялагийг гадныхан зөөж угаадасыг нь фракци бүлэглэлүүд долоож амьдардаг байх ёсгүй. Ард түмэнд  ашигтай байх ёстой.  Ард түмэнд үйлчилдэг боловсрол эрүүл мэнд үнэгүй байх ёстой. Үүний төлөө уул уурхайн баялаг үйлчлэх юм. Мал аж ахуйн салбар бол улс орны эдийн засгийн тулгуур багана. Бидэнд  Үндсэн хуулийн маш хүчтэй төсөл хөтөлбөр бий. Үүнийг бид батлуулж, хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь монгол орноо аврах төлөвлөгөө бидэнд бий. Тэдэнд хар пиарын студи байна. Бидний ялгаа үүнд л байгаа юм.

-Сүүлийн үед таныг МАН-аас мөнгө авсан гэх мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Гахай хариулсан хүн гахайны тухай л боддог гэдэг шиг арчаагүй тайлбар хийж байгаа МАНАН-г хараад өрөвдөж байна. Би сонгуулийн хугацаанд хоёуланг нь шүүмжилсэн. Мөнгийг нь авчихсан бол  няцааж шүүмжлэхгүй биздээ. Мэтгэлцээн дээр ч нэр дэвшигчдийн хулгай булайг хангалттай дэлгэсэн. МАН-ын 60 тэрбумыг АН биш  МАХН-аас нэр дэвшигч миний бие л хамгийн их ярьсан. Ийм арчаагүй гүтгэлэгт ганцхан хариу барьдаг. Хуурай гүжирт хариугүй гэсэн үг бий. Хэрэв тийм бол шүүх цагдаагийнхан яагаад зүгээр суугаад байна вэ. Манай гэрт сум аваачсан аймшигт халдлага, гүйцэтгэх ажил хийсэн гүтгэлэг доромжлол байна. Энэ болгоныг яагаад ярихгүй байна вэ. Энэ хоёрыг сонгож болохгүй гэдэг нь тарааж байгаа гүтгэлэгээс улам тодорхой харагдаж байна.

-Сонгуулийн үеэр хандивын 50 сая воны асуудлаар хууль шүүхийн байгууллага удаа дараа мэдээлэл хийсэн. Түүнээс хойш таныг дуудаж байцаасан уу?

-Намайг байцаагаагүй. Намайг гүтгэсэн нь батлагдаж байна. Би анд нөхөд ард түмнээсээ хандив авсан. Цэвэр гүтгэлэг доромжлол, гүйцэтгэх ажиллагаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа. 50 сая вонн гээд байгаа зүйлийг сонгуулийн сөрөг пиартаа ашигласан. Тэр зорилгодоо хүрсэн байх гэж бодож байна.

М.Энхболд, Х.Баттулга нар хоёр биенийхээ талаарх хамаг булхай, муу муухайг гаргаж тавьж байна. Үүнд МАХН-аас нэр дэвшигч миний бие оролцохгүй байгаа. Тэд ард түмэндээ яаж сайн үйлчлэх вэ гэж зүтгэхийн оронд нэгнээ дэгээдэх гэж хайран хугацааг алдлаа. Харин бид ард түмэнд яаж үйлчлэх вэ гэдгээ ярьсан. МАН, АН ард түмний зовлонгоор тоглож басан доромжилж байна. Хууль зөрчиж байна.

-Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албан хаагчдыг халж сольдог байдал аль ч намын үед давтагдсаар ирсэн. Үүнээс гарах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-МАНАН-гийн луйварчид төрийн толгойд гарахгүй байх тэр үед өөрчлөгдөнө. МАН-ынх гарвал АН-ыг, АН гарвал нөгөөхөө шахна. МАНАН-гийнхан ээлжилж төрийн толгойд гарч байгаа энэ үед төрийн албыг төрлийн алба болгодог нь үнэн. Төрийн сүлдэндээ залбирч ажилладаг хүн алга. Ямар нэг мафи, бүлэглэлд итгэж найдаж ажилладаг хүмүүс ихэссэн. Үүнийг үгүй хийе гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр МАНАН биш ард түмний төлөөлөл гарч ирж байж төрийн алба шударга болно. МАХН-аас бид ялсан бол нам харгалзахгүй шударга хүмүүсийг төрд ажиллана гэж амласан. МАНАН бол чадахгүй. МАНАН-г хазаарлаж, ухаажуулж хяналт тавьж хариуцлага тооцох гэж би МАХН-аас нэр дэвшсэн. Бид ур чадвар, эх оронч сэтгэлд тулгуурласан төрийн албаны мерит зарчмыг бий болгохыг зорьж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна