Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж өчигдөр Төрийн ордонд семинар зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ, "Би сая БНСУ-д айлчлал хийгээд ирсэн. Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчтэй нь уулзаж ярилцлаа. Өөрийгөө том орны жижигхэн Ерөнхий сайд юм байна гэдгээ мэдэрлээ. Миний санаж бодож байгаа, тэр БНСУ-ын Ерөнхий сайдын бодож, санаж байгаа нь өдөр, шөнө шиг ялгаатай байна. Бид юу хийж байна вэ, зүгээр л хов жив ярьж байна. Өнөө, маргаашийн ажил, нэг хүний халах уу, солих уу, байх уу. Их жижигхэн улс төр. Тэр нь аймаг, улсын хэмжээний. Тэгэхээр одоо бүгдээрээ том харцгаая. Том юм бодоцгооё, дарга нар аа. Том сэтгэе. Хийж чадахгүй ч гэсэн том бодмоор байна. Та нарыгаа том бодоосой гэж хүсч байна" гэв.
Мөн тэрбээр "Засгийн газар хоёрхон зорилт тавьж байгаа. Нэгдүгээрт, сахилга бат, дэг журмыг бүх шатанд бэхжүүлэх, хариуцлагатай байх. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангах. Би өөр юм бодохгүй байна. Үүнийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь та нар. Та нар аймаг, аймагтаа Ерөнхий сайд. Тиймээс аймаг бүр асуудлаа шийдэх ёстой. Тэр аймгийн иргэд ямар амьдралтай, нутаг нь яаж хөгжих нь зөвхөн та нараас шалтгаална. Та бүхнийг ажилдаа эзэн байхыг хүсч байна. Зангарагтай байгаарай. Надад ажил хийдэг, асуудал шийддэг дарга хэрэгтэй. Түүнээс би зовлон тоочдог даргыг сонирхохгүй байна. Надад 880 хоног байна. Ардын намын Монгол Улс, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Нэг л Монгол Улсад амьдарч байгаа, бид. Би та нараас хэдхэн зүйл хүснэ. Бас шаардана. Нутагтаа эзэн бай. Дарга шиг бай. Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд гэдэг үг бий. Дарга, цэрэг шиг бай. Монгол Улсын төрийн чанар алдагдаж байна. Ард түмний төрд итгэх итгэл буурч байна. Санхүүгийн сахилга бат сайтай байгаарай. Би та нарт итгэж байна. Асуудал гарвал надтай холбогдож байгаарай. Асуудлыг шийдэж чаддаг, буруу ч гэсэн, зөв ч гэсэн түүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг байх хэрэгтэй. Ажил ацагладаггүй. Хариуцлагаа үүрээд асуудлаа шийдээд явдаг тийм сайхан дарга нар байгаасай гэж хүсч байна. Төрийн албанд хамгийн чухал зүйл бол сэтгэл. Сэтгэлтэй хүний хийдэг ажил шүү. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй байгаарай, та нар. Авлигад битгий өртөөрэй. Эх орондоо хайртай эрчүүд шиг байгаарай гэж хүсч байна. Би бүх аймгаар явна. Газар газар дээр очиж тодорхой асуудлыг чинь сонсоно. Зарим нэгийг нь шийдэж өгнө. Би Төрийн ордонд суудаг Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна" хэмээн ярив.
Сэтгэгдэл бичигдээгүй байна