Сонгууль эхэллээ: 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлох баримтууд

Zuv.mn
2024/06/10

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сурталчилгааны кампанит ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн онцлогийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Холимог тогтолцоогоор явагдах хоёр дахь сонгууль

Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор парламентын сонгуулиа зохион байгуулж байна. Өмнө нь 2012 онд мөн мажоритар 48, пропорциональ 28 мандаттай зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед сонгуулийн энэ тогтолцоог Үндсэн хуульд оруулаагүй байсан учир дараагийн хоёр сонгууль жижиг мажоритар тогтолцоогоор явагдсан байдаг. Харин энэ удаад УИХ 2023 онд Үндсэн хуульд нэмэлт оруулсны дагуу явагдаж байгаа тул цаашид ч энэ тогтолцоогоор сонгуульдах боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Нам эвсэл, нэр дэвшигчдийн тоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр СЕХ-ноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт хоёр эвсэл, 19 намын 1294, бие даагч 42 хүнийг нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    2024/06/11

    одоо дулаан цахилгаан,усны үнэ хэд дахин нэмэгдлээ арайл бишээ

    Хариулах